Ургац хураалтын ажилд хүндрэл үүсээд байгаа сумдад дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-10-23 11:23:25


Төв / МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг дарга ургац хураалтын ажилд хүндрэл үүсээд байгаа таван суманд тус бүрд нь хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. 

Тодруулбал тус аймгийн хэмжээнд аравдугаар сард хоёр удаа цас орж, цасан шуурга шуурсны улмаас багагүй хохирол амсаад байна. Үүнтэй холбогдуулан Аймгийн ургацын штаб газар тариалангийн сумдад ажилласан юм. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан 1 га-гаас авах ургацын 8-10 центрийг алдагдалтай авч байгаа бөгөөд мөн үр тариа, ногоон тэжээл налсны улмаас техникийн зардал 2-3 дахин нэмэгдээд байгаа аж.

Мөн налсан тариа газартай наалдаж мөстсөний улмаас ургац хураалтын ажил удааширч байгаа талаар аймгийн Ургацын штабаас мэдээллээ.

Төв аймаг энэ онд үр тариа 67.437 га, төмс 10.916 га, хүнсний ногоо 1.636 га, тэжээлийн ургамал 24.995 га, тосны ургамал 17.212 га нийт 123.583 га талбайд тариалалт эрхэлсэн бөгөөд урьдчилсан балансаар нийт 326.978 тонн ургац хурааж авах төлөвтэй байсан юм. 

Холбоотой мэдээ