“Зика” вирустэй ижил төрлийн өөр нэгэн вирус илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-05-23 17:52:30

ТОКИО. /NHK/. Хамгийн анх Африкт илэрч Латин Америкийн орнуудаар тархаж буй “Зика” вирустэй ижил төрлийн өөр нэгэн вирус илэрлээ гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.

Африкийн баруун хэсэгт орших арлын улс болох Кабо Верде-д уг вирус тархсан талаар  ДЭМБ-ын Африкийн бүсийн захирал М.Моёт сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Уг вирус Бразилиас орж ирсэн байж магадгүй гэж үзэж байгаа боловч вирус хэрхэн тархсан чиглэлийг нарийн тогтоогоогүй байна.

Уг вирус нь Өмнөд Америкийн нутгаас халин тархаж одоо Африк тивийн үүдийг тогшиж байгаад сэтгэл зовинож байгаагаа Моёт илэрхийлжээ.

Тэрбээр жирэмсэн эмэгтэйчүүдийг шумууланд хазуулахаас сэрэмжлүүлэхийн тулд дорвитой арга хэмжээ авахыг Африкийн орнуудад хандан анхааруулсан байна.

Эрдэмтэд “Зика” вирус болон микроцефали хоорондын хамаарлыг тогтоосон билээ.  Энэ хамаарлаас үүдэн  тархины төрөлхийн гажигтай хүүхэд төрдөг нь тогтоогджээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Карибын тэнгисийн Мартиника арал дээр 84 настай эрэгтэй “Зика” вирусийн халдварын улмаас нас барсан тухай Францын эрүүл мэндийн салбарын албаны хүмүүс мэдэгджээ. Энэ нь тус улсын нутагт вирусийн халдвар авсны улмаас нас барсан анхны тохиолдол болж байна.

Х.Сарнай

 

 

 

 

 

Холбоотой мэдээ