“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2020” үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-10-18 12:36:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2020” үзэсгэлэн худалдаа “Мишээл Экспо” төвд 3 дахь өдрөө үргэлжилж байна.

Засгийн газраас МАА-н түүхий эдийг гүн боловсруулах, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ, дэвшилтэт болон өндөр технологийг нэвтрүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэ бодлогын хүрээнд "Монгол экспорт-Экспо 2020", “Ноос ноолууран, арьс ширэн бүтээгдэхүүн-2020” нэгдсэн үйл ажиллагааг өнгөрсөн баасан гарагт нээж, энэ сарын 16-20-нд “Мишээл экспо” төвд зохион байгуулж байна.




Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, экспортын бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, хэрэглэгчдийг нэг дороос худалдан авалт хийх боломжийг бүрдүүлэх үүднээс ХХААХҮЯ, Монголын Ноос ноолуурын холбоо, Арьс ширний үйлдвэрлэгчдийн холбоо, “Мишээл Экспо” төв хамтран зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд 100 гаруй үйлдвэр, ААН оролцож, 10-50 хувийн хямдралтай худалдаа явуулж байна.

Үзэсгэлэн яармагын үеэр бизнес эрхлэгч, үйлдвэрлэл эрхлэгчид ХААИС-тай хамтран “Хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн стратеги, шинжлэх ухаан, экспортын чиг баримжаа” сэдэвт эрдэм шинжилгээ, онол, практикийн хурал хэлэлцүүлэг зохион байгуулж байна.


Хэлэлцүүлгээр хөнгөн аж үйлдвэрийн салбарын техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх зорилгоор төсөл хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлж тодорхой үр дүнд хүрээд байгааг хөндөж байна. Тухайлбал, АХБ-ны ХАА, хөдөөгийн хөгжил төслийн шугамаар Монголын ноос, ноолуурын холбооны дэргэд баталгаажуулалтын албыг бий болгож, Монгол Улс ноолууран бүтээгдэхүүнээ “Монголын Хаан ширхэгт” чанарын тэмдгээр баталгаажуулан экспортод гаргаж эхэллээ.

Арьс ширний салбарт “Бест шүес” ХХК 20 жилийн ойн босгон дээрээ мөн төслийн хүрээнд Чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 Олон улсын стандартыг салбартаа анх удаа хэрэгжүүлж эхлээд байна.


“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2020” үзэсгэлэн худалдааг Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран зохион байгуулж, дэмжигч байгууллагаар АХБ, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил-нэмэлт санхүүжилт төсөл, Нэмүү өртгийн сүлжээ төсөл зэрэг байгууллагууд оролцож байна.








Гэрэл зургуудыг Н.Батбаяр


Холбоотой мэдээ