АСУУЛТ НЭХСЭН ФАУСТ ДАХИН ТОГЛОГДОНО

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
altankhuyag@montsame.mn
2020-10-12 12:11:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Өнөөдрийн бидний мэдэх драмын жүжгийн уламжлалт тавилт, өнгө төрхийг эвдсэн технологийн дэвшлүүд болон бусад хорь гаруй шинэ содон, сонирхолтой шийдлүүдийг багтаасан “Фауст” пост драмын жүжиг монголын тайзнаа хоёр жилийн өмнө анх тавигдаж байв. Тухайн орны театрын хөгжлийн зэрэг зиндааг илтгэж, Шекспир болоод сүүл үеийн сонгодогууд болох Беккетийн “Годог хүлээхүй”, Сартрийн “Оршуулаагүй үрэгдэгсэд”, Инескогийн “Хирс” зэрэг жүжгүүдтэй титэм хуваан эзэмшдэг бүтээлийн тоонд Германы суут зохиолч Гётегийн “Фауст” жүжиг яах аргагүй орно.


Харин өдгөө “Фауст” пост драмын жүжиг М.Батболдын найруулснаар  дахин амилах гэж байна.


Дэлхийн сонгодог урлагийн ноён оргилын нэг болох Германы алдарт зохиолч Гётегийн “Фауст” жүжгийн гол философи нь “Хүн өөртөө итгэлтэй болох үед хэрхэн амьдрахаа мэдэж эхэлдэг” гэх санаа билээ. Тиймдээ ч үзэгчид “Фауст” жүжгээс нийгэм дэх төрөл бүрийн үзэгдэл, хайр дурлал, амьдралын утга учир, хүн өөрийгөө олох, ойлгох зэрэг олон шийдлийг олж харна.


Агуу зохиол гэдэг асар олон талтай, хувь хүний сэтгэхүй, мөн үйлдэл нийлэгшсэн систем бөгөөд түүнийг тайлна гэдэг найруулагч болоод жүжигчин буюу үзэгчийн хувьд ч сэтгэхүйн том дасгал, оюун санааны аялал байдаг. Чухам тэрхүү тайллаараа найруулагч, уран бүтээлчид бусдад үнэлэгддэг. Тиймээс ч Фауст жүжгийг хэрхэн тайзнаа амилуулсанаар нь тухайн орны урлагийн түвшинг тодорхойлдог.


Сонгодог зохиол гэдэг сургааль, зүйрлэл, хариултаар дүүрэн биш харин ч хариулахад хэцүү асуултаар дүүрэн байдаг гэж томоохон судлаачид үздэг. Тайлагдашгүй үйл явдлын эхлэл, өрнөл, туйл, тайлал нь үзэгчдэд асуулт дагуулж, үзэл санааны өөр ертөнцөд хөтөлж байдаг онцлогтой билээ.

Холбоотой мэдээ