Хонконгт 80 гаруй хүнийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-10-02 11:07:32

ХОНКОНГ. /NHK/. БНХАУ байгуулагдсаны 71 жилийн ойн баярын өдөр Хонконгийн цагдаа нар хууль бус цуглаанд оролцсон гэх мэт зөрчил гаргасан 80 гаруй хүнийг баривчилжээ.


Ардчиллыг дэмжигч бүлэг Хятадын Үндэсний өдрийг тохиолдуулан жил бүр жагсаал зохион байгуулдаг боловч энэ жил Цагдаагийн газар коронавирусний халдвар тархах эрсдэлийг харгалзан үзэж, жагсах зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.


Гэсэн хэдий ч жагсаал хийхийг уриалсан нийгмийн сүлжээний уриалгад олон хүн нэгдэж, пүрэв гарагт тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө жагсжээ. Эрх баригчид цагдаагийн 6000 орчим ажилтныг байршуулсан бөгөөд тэд жагсагчдын авч яваа эд зүйл, жагсаалыг сурвалжлах сэтгүүлчдийн үнэмлэхийг шалгажээ.


Цагдаа нар жагсагчдад нэн даруй явахыг үүрэг болгож байсан боловч зарим хэсэгт цагдаа нар, иргэдийн дунд маргаан үүсжээ. Цагдаа нарын мэдээлснээр, пүрэв гарагт 86 хүнийг баривчилсны дунд дүүргийн зөвлөлийн дөрвөн гишүүн байжээ.


Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам Үндэсний баярыг тохиолдуулан үг хэлэх үеэрээ үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш гурван сарын хугацаа өнгөрснийг онцлоод, Хонконгийн хөгжил дэвшилд нийгмийн тогтвортой байдал чухал байгааг тэмдэглэжээ.


Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжсэнээс хойш томоохон жагсаал цуглааны тоо эрс буурсан боловч олон нийт Хятадын эх газар, Хонконгийн засаг захиргааны эсрэг эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа бөгөөд үе үе жагсаал цуглаан өрнүүлж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ