Д.Ганбат: Гантай байгаа аймгуудад анхаарахгүй бол гамшиг болох нь

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-01 13:59:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОЦНАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгийн намрын ээлжит чуулганы анхдугаар хуралдаан өнөөдөр болж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцэх зарим асуудлаар санал, дүгнэлтээ нэгтгэсэн талаар тус бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэв. 


Хуралдаанаар, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаарх Шадар сайдын мэдээллийн асуудлыг хэлэлцсэн байна. 


Тус бүлгээс Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн. Тухайлбал, ОУВС-гаас өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрүүд үр дүнгүй болсон гэдэг асуудлыг ярьсан хэмээн тодтгоод, Засгийн газрын байр суурь үүнээс зөрүүтэй байгаа учрыг лавлах хэрэгтэй хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээллийн эхэнд тодотгов. Тэрбээр, эрх баригчид цаашид дахин алдагдалтай төсвийн төсөл өргөн барих магадлалтай хандаж байгааг тэмдэглэв. 


Мөн тэрээр, Засгийн газар хууль, журмаа биелүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй хандав. Учир нь Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаарх Шадар сайдын мэдээллийг чуулган эхлэхээс долоо хоногийн өмнө намын бүлэгт ирүүлсэн байх ёстой ч дөнгөж өглөө ирсэн гэдгийг тодотгов. Тиймээс уг мэдээлэлтэй холбогдуулан санал, дүгнэлт бэлтгэх боломжгүй байгааг тэмдэглэлээ. Тэрбээр, “Миний бие орон нутгаар ажиллаад ирлээ. Хэд хэдэн аймгаар гантай байна. Гэтэл холбогдох байгууллага, албан тушаалтнууд үүнд анхаарч ажиллахгүй, энэ байдлаар цаашид гамшиг болох нь. Гамшгийн зэрэглэл тогтоож өгөхийг Засгийн газар, УОК-оос манай гишүүд 20 гаруй хоногийн өмнө хүссэн. Гэтэл үүнийг авч хэлэлцээгүй. Саяхан өгсөн мэдээгээр даваа гарагаас эхлэн ганц нэг албан тушаалтан орон нутагт ажиллахаар явж байгаа юм байна. Маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ, хаана монгол хүн хүнд хэцүү байна, тэр газарт Засгийн газар хүрч ажиллана гэсэн. Гэтэл энэ хүнд хэцүү нөхцөлд газар дээр нь очоод ажиллаад байгаа нь харагдахгүй байна” хэмээв. 


Үүний дараа тэрээр УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн төсөл болон зарим асуудлаар сэтгүүлчийн асуултад хариулав. 

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа, Д.Ганбат нарын гишүүн өргөн барьжээ. Уг хуулийн төсөлд өмнө нь гишүүдийн хууль санаачлах эрх олон шат дамжлагатай байсныг өөрчилж ард түмэнд нэн хэрэгцээтэй хуулийн төслийг шуурхай хэлэлцэх боломжийг хангажээ. Түүнчлэн гишүүний үг хэлэх нөхцөлийг хааж, боох нөхцөл байдлыг өөрчлөх санал оруулсан байна. Учир нь УИХ-д Ёс зүйн байнгын хороо байгуулагдаж гишүүд ёс зүйн асуудлаар хариуцлага хүлээх боломжтой болсон тул дэгийн хуульд давхар хариуцлагын заалт оруулах нь зохимжгүй гэж үзжээ. 


Төсвийн алдагдалтай төсвийн төсөл чуулганд оруулж ирэх гэж байгаа гэж дурдсаныг нь тодруулахад, “ Төсвийн тухай хууль бидэнд бүрэн гүйцэт ирээгүй байна. Төслийн бүрэн эхтэй танилцсаны дараа судална. Сураг дуулахад, нэлээн алдагдалтай төсөл явж байгаа гэсэн” хэмээлээ.

Холбоотой мэдээ