Дээд лигийн II шатны тоглолтууд өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-30 10:57:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын сагсанбөмбөгийн дээд лигийн 2019-2020 оны улирлын плей-оффын II шатны тоглолтууд өнөөдөр Спортын төв ордонд эхэлнэ.


Харин энэхүү дээд лигийн плей-оффын нэгдүгээр шатны сүүлийн тоглолтууд  мягмар гарагт болж “Багануур Тулнууд” багийг “SBL Хасын Хүлэгүүд” 96:82 гэсэн онооны харьцаагаар хожжээ. Ийнхүү “SBL Хасын Хүлэгүүд” баг цувралын хоёр дахь тоглолтоос эхлэн өөрийн талд давуу байдал үүсгэн, өрсөлдөгчөө 3:0-ээр хожиж, дараагийн шатанд шалгарах эрхээ авлаа. Тус багаас цувралын гурав дахь тоглолтод Б.Билгүүн, С.Өрнүүнбилэг, Т.Мэндбаяр нар 10-аас дээш оноо аван багтаа том тус хүргэсэн байна.


Энэ жил анх удаа “Дээд лиг”-т хүч үзэж буй “Багануур Тулнууд” багаас цувралын гурав дахь тоглолтод Т.Ганзориг сайн тоглолт үзүүлж, 25 оноо авсан ч лигийн зургаан удаагийн аварга SBL Хасын Хүлэгүүд багийг хожиход хангалтгүй байв. “SBL Хасын Хүлэгүүд” баг плей-оффын II шатны учраа “Хан-Уул Хангарьд” баг.

 

Энэ өдөр “23 Storms” баг, Эрдэнэтийн “Уурхайчид” багийг 86:82-оор хожлоо.Дээд лигийн плей-оффын I шатанд учраа таарсан дээрх хоёр багийн цувралын тоглолт тун өрсөлдөөнтэй болов. Залуу тоглогчдыг багийнхаа цөм болгож Г.Баттөр, Ц.Мэргэн, Ц.Азбаяр нараар ахлуулсан “23 Storms” баг цувралыг дуусгах боломжтой гурав дахь тоглолтдоо хожиж чадлаа. Тус багаас Г.Баттөр 20 оноо аван багаа тэргүүлсэн бол түүнд А.Энхбаясгалан, Т.Их-Уул, Д.Дөлгөөнмөрөн нар 10-аас дээш оноо авч дэм болжээ. Харин “Дээд лиг”-т анхны улирлаа үдэж буй Эрдэнэтийн “Уурхайчид” багаас О.Очирбат 21 оноо аван бүх тоглогчийг тэргүүлэв. Мөн лигийн туршлагатай тоглогчид болох Э.Дорж-Арилд, Н.Золжаргал нар тус бүр 10-аас дээш оноо авсан ч хожиж чадаагүй юм. 

Холбоотой мэдээ