АНУ-ын засаг захиргаа сургуулиудад зориулж 100 сая түргэвчилсэн оношлуур хуваарилна

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-09-29 15:28:30

ВАШИНГТОН. /Ukrinform/. АНУ-ын засаг захиргаа сургуулиудын үйл ажиллагааг хурдан сэргээхэд туслах зорилгоор “COVID-19”-ийн 100 сая түргэвчилсэн оношлуурыг улс даяар тараана гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.


"Бид коронавирусний халдварын илүү тохиолдлыг, мөн халдварын эрсдэл багатай бүлгийнхнээс шинж тэмдэггүй хүмүүсийг илрүүлнэ" гэж Дональд Трамп онцлон тэмдэглэсэн байна.


АНУ-ын засаг захиргаа бөөнөөр нь тараахаар төлөвлөж байгаа Эббота хэмээх оношлуур нь PCR оношлуураас хямд бөгөөд хурдан аж. Энэ оношлуур нь коронавирусийг 15 орчим минутын дотор тодорхойлдог байна. Ийм оношлууруудыг АНУ-д  хэдийнэ өргөнөөр ашиглах болсон бөгөөд ялангуяа ахмад настнуудын асрамжийн газруудад ашиглаж байгаа юм.


Сүүлийн долоо хоногуудад АНУ-д коронавирусний халдварын тохиолдол мэдэгдэхүйц нэмэгдэх хандлага ажиглагджээ. Шинжээчид үүнийг сургуулиуд болон их сургуулиудын хотхонуудын үйл ажиллагааг сэргээсэнтэй, мөн АНУ-д хорио цээрийн дэглэмийг сулруулсны дараа хүмүүсийн анхаарал болгоомж суларсантай холбон тайлбарлаж байна.

Холбоотой мэдээ