“Атлетик 220” клуб аваргын цомыг анх удаа өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-09-28 09:14:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн хамгийн том нэр хүндтэй тэмцээн болох "Үндэсний Дээд лиг" 2020 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 27-нд үргэлжилж шилдгүүдийг шалгаруулахад “Атлетик 220” клуб аваргын цомыг анх удаа хүртэж, тэргүүн байрт шалгарлаа.


“COVID-19” халдварын улмаас нэг ч гадаад тоглогчгүй явагдсан Үндэсний дээд лигийн өрсөлдөөн эцсийн мөч хүртэл сонирхолтой өрнөж, “Атлетик 220” аваргын алтан медалийг хүртэж “Улаанбаатар” мөнгө, “Хангарьд” баг хүрэл медалийн эзэд боллоо.


Үндэсний дээд лигийн 10 багийн 100 тоглогч 90 тоглолтод нийт 376 гоол бүртгүүлжээ. Энэхүү 90 тоглолтын ард амжилттай гарч, баг хамт олноо хувийн амжилтаараа тэргүүлсэн шилдгүүд шагналаа хаалтын ёслолын үеэр гардсан юм.


Лигийн шилдэг мэргэн буучаар “Атлетик 220” клубийн довтлогч Н.Наранболд 30 гоолтой тодорсон бол аваргуудын хаалгыг найдвартай хамгаалсан Э.Мөнх-Эрдэнэ шилдэг хаалгач боллоо. Лигийг 16 дахь тойрог хүртэл манлайлсан ч эцсийн мөчид мөнгөн медаль хүртсэн “Хангарьд” клубийн хамгаалагч В.Тэмүүжин, хагас хамгаалагч Ц.Мөнх-Эрдэнэ тус тусын байрлалдаа шилдгээр нэрлэгдлээ.


Мөн дээд лигийн тоглолтыг үнэн зөв дэнсэлсэн шилдэг талбайн шүүгчээр замналынхаа 1242 дахь тоглолтоо шүүж зодог тайлж байгаа Д.Түмэнбаяр, шилдэг туслах шүүгчээр Э.Галбадрах тодорлоо хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ