Вьетнамын дайны үеэр амь үрэгдсэн америк цэргүүдийн шарилыг хүлээлгэн өгчээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-09-25 13:18:52

ХАНОЙ. /ТАСС/. Вьетнамын дайны үеэр амь үрэгдсэн АНУ-ын цэргүүдийн шарилыг Ханой Америкийн талд хүлээлгэн өглөө гэж "Нян зан" сонин мэдээлжээ.


АНУ-ын цэргүүдийн шарилыг хүлээлгэн өгөх ёслол Вьетнамын Цэргийн шүүх эмнэлгийн хүрээлэнд пүрэв гарагт болсон байна.


"Нян зан" сонинд мэдээлж буйгаар, Вьетнамын шүүх эмнэлгийн шинжээчид саяхан хийсэн хамтарсан эрлийн ажиллагааны үеэр олдсон хүний ​​ясны хэлтэрхийнүүдэд ерөнхий шинжилгээ хийж, Вьетнамын дайны үеэр сураггүй алга болсонд тооцогдож байсан Америкийн цэргүүдийнх гэдэг дүгнэлтэд хүрсэн байна. Эцсийн дүгнэлтийг Хавай арал дахь АНУ-ын Зэвсэгт хүчний тусгай лабораторид хийх аж. Уг лабораторид цэргийн мөргөлдөөнүүдийн үеэр амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг таних ажлыг хийдэг байна.


Амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг 1973 оноос хойш АНУ-ын талд хүлээлгэн өгч байгаа бөгөөд энэ удаагийнх 154 дэх ёслол болсон байна.


Вьетнамын нутаг дэвсгэрээс Америкийн цэргүүдийг гаргасан даруйд явуулж эхэлсэн хоёр улсын хамтарсан эрлийн ажиллагааны жилүүдэд АНУ 700 гаруй цэргийн шарилыг буцаан авч, хэн болохыг нь тогтоожээ.


 


Холбоотой мэдээ