Их Британид коронавирусээр зориуд халдаах байдлаар вакцины туршилт явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-24 10:51:20

ЛОНДОН. /Financial Times/. Сайн дурынхныг коронавирусээр зориуд халдаах “COVID-19”-ийн вакцины анхны туршилт Лондон хотод хэдхэн сарын дараа эхэлж магадгүй байна.


Одоогоор төслийн талаарх нарийн тодорхой мэдээллийг нийтэд дэлгэхэд бэлэн биш байгаагаа туршилтыг явуулах хүмүүс мэдэгдсэн хэдий ч ийм туршилт хийх гэж байгаа талаараа ирэх долоо хоногт албан ёсоор зарлах аж.


Яг ямар вакцины талаар яригдаад байгааг “Financial Times” сонин дурдаагүй ч одоогоор Их Британийн “GlaxoSmithKline” компанитай хамтран гарган авсан вакцин нь ийм вакцин биш гэдгийг Францын “Sanofi” эмийн компани мэдэгдээд байгаа аж. Их Британид коронавирусний вакцины хоёр туршилт явагдаж байна. Нэг нь Оксфордын их сургуулийн Их Британи-Шведийн “AstraZeneca” эмийн компанитай хамтран гарган авсан вакцин бол нөгөө нь Лондоны Эзэн хааны коллежийн бүтээсэн туршилтын РНХ вакцин юм.


Харин 2021 оны нэгдүгээр сард эхлүүлэх төлөвтэй байгаа дээр дурдагдсан вакцины туршилтад 2000 орчим хүн оролцох хүсэлтэй байна. Туршилтыг зохион байгуулагчид хэдэн зуун эрүүл саруул, залуу сайн дурынхныг сонгож хүн бүрт 4 мянга гаруй паундыг санал болгох юм байна. Эхлээд туршилтыг Лондон хотын зүүн Уайтчепел дүүрэгт тусгай эмнэлэгт хатуу чанга дэглэмтэйгээр явуулах аж. Вакцинаар тариулах сайн дурынхан нэг сарын дараа “Sars-CoV-2” вирусээр халдварлах бөгөөд үүний дараа вакцины үр дүнтэй байдлыг үнэлэхийн тулд тэднийг ажиглалтанд байлгах юм. Хүндрэл өгөх эрсдэлийг бууруулахад зориулж "Ремдесивир" эмийг ашиглах юм байна. 


Ёс зүйн асуудал

Шинжлэх ухааны онолоо турших зорилгоор хүнийг аюултай вирусээр зориуд халдаасан анхны туршилтыг Английн эмч Эдвард Женнер хийж байжээ. Тэрбээр 1979 онд найман настай хүүг боом өвчний вакцинаар тарьж, дараа нь хэд хэдэн удаа салхин цэцэг өвчний вакциныг хийснээр санал болгож буй вакцинжуулалтын арга техник нь үр дүнтэй байгааг харуулсан байна. Эмч нарын хяналтан дор туршилтад оролцогчдод өвчин үүсгэгчийг нэвтрүүлдэг вакцины туршилт судалгаа өнөө цагт ч хийгддэг. Туршилтын үр дүн дээд зэргийн ашиг тустай байхаас гадна туршилтад оролцогчид учрах эрсдэл хамгийн бага байна гэж үзсэн тохиолдолд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ийм төрлийн туршилт явуулахыг зөвшөөрдөг байна. Түүнчлэн иймэрхүү туршилт явуулахдаа ёс зүйн комисс байгуулах шаардлагатай гэж ДЭМБ үздэг байна.


"Урьд өмнө нь тохиож байгаагүй “COVID-19”-н аюултай тэмцэх үедээ бид ёс зүйн үүднээс зохих хяналттайгаар зориуд халдаах судалгааг үр дүнтэй вакцин гарган авахын тулд хийх шаардлагатай” хэмээн Оксфордын  их сургуулийн профессор Доминик Уилкинсон мэдэгджээ.


Туршилтыг явуулах зөвшөөрлийг Их Британийн “MHRA” буюу Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын агентлаг олгох ёстой аж. Иймэрхүү туршилтууд вакцин хурдан гарган авах, үр дүнг нь үнэлэхэд ашигтай байж магадгүй юм хэмээн тус агентлагийн төлөөлөгчид цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ