Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг чадавхжуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-21 21:24:01

Ховд/МОНЦАМЭ/. Нээлттэй нийгэм форумаас “Шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, нийтийн эрх ашгийн өмгөөлөл” сэдэвт сургалтыг энэ сарын 17, 18-нд  зохион байгууллааа.

Нээлттэй нийгэм форумаас үйл ажиллагааныхаа стратегийн хүрээнд 2015-2016 онд батлагдан хэрэгжиж буй төрийн бодлого, шийдвэр гаргахад иргэний нийгмийн оролцоог хангах үйл явцыг зохицуулсан гол хуулиудын хэрэгжилтийг дэмжих асуудалд онцгой анхаарч ажилладаг. Энэ хүрээнд иргэдийн оролцооны шинэ арга барилд иргэний нийгмийн байгууллагыг сургаж, хуулийн хэрэгжилтийг хангахад татан оролцуулах ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Энэ онд “Шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, нийтийн эрх ашгийн өмгөөлөл” сэдэвт цуврал сургалтыг Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд аймагт зохион байгуулж буй.

Тус сургалтад төр, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл 30 орчим хүн оролцож, мэдлэг ур чадвараа дээшлүүллээ. 

Сургалтын үеэр төрд хяналт тавих чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчинд гарсан өөрчлөлт, тэдгээрийг ашиглан үр нөлөөгөө нэмэгдүүлэх боломж, нийтийн сонсгол зохион байгуулах арга зам, хяналт, захиргааны ерөнхий хууль, зарим анхаарах асуудлын талаар оролцогчид санал солилцов. 

Холбоотой мэдээ