Олон нийтийн үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээг хэвийн горимд шилжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-09-16 16:23:33

Архангай /МОНЦАМЭ/. УОК-ын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр хурлын шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/644 дугаар захирамжаар бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх тухай захирамж гарлаа.

Захирамжаар коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд тогтоосон Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хэсэгчлэн шилжүүлэх хугацааг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд сунгалаа. Мөн соёл урлаг, худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэв.

Олон нийтийн үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээг нээсэн хэдий ч коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг холбогдох дүрэм, журам, зааврын дагуу хийх, цар тахлын талаарх мэдээлэл, ойлголт, сургалт сурталчилгааг чанартай зохион байгуулж ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ