Өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлжээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-09-15 15:49:14

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж, харьцуулж энэ оныхыг гаргажээ. 

Бэлчээрийн даацыг аймгийн нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нутгийн 20 гаруй хувьд нь бэлчээр хүрэлцээтэй, 65 гаруй хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, 10 гаруй хувьд нь олон дахин хэтэрч гаржээ.

Өөрөөр хэлбэл, нийт нутгийн 20 гаруй хувьд нь өвөлжилт, хаваржилт хэвийн байхаар, 80 орчим хувь нь хүндрэх төлөвтэй байна. Архангай аймгийн нийт нутгаар бороо хур багатай, зуншлага муу, гандуу байсан ба 7 дугаар сарын дунд үеэс зуншлага сайжирч, 70 гаруй хувьд нь хэвийн болсон байна. Харин ихэнх нутгаар даац хэтэрч гарсан нь малын тоо их байгаатай холбоотой аж.

Өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сумдад өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулж эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг арга хэмжээ авч мал өвөлжилт, хаваржилтын ажлаа эртнээс зохион байгуулах бэлтгэлээ хангаж ажиллахыг анхаарах нь зүйтэй байна.

Бэлчээрийн даацыг 2020 оны 8 дугаар сарын 26-нд УЦУОСМХ-д боловсруулжээ.

Холбоотой мэдээ