Төслийн хүрээнд 10 гаруй төрлийн ногоо тарьжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-09-13 12:20:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхдийн “Солонго” 4 дүгээр цэцэрлэгт Щвейцарын хөгжлийн агентлагийн "Монгол ногоо" төсөл 2019 оноос 2 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд 5 төрлийн нарийн ногоо, 7 төрлийн төмс, хүнсний ногоо, 8 төрлийн 1000 гаруй мандлын цэцэг тарьж ургуулан эко орчин бүрдүүлжээ. Тус цэцэрлэг төслийг хэрэгжүүлснээр багш, ажилчид нэг зорилгын төлөө нэгдэн ажиллаж хамт олны хандлагад эерэг нөлөө үзүүлж чадсан. Сургуулийн өмнөх боловсролын сургалтын чанарыг сайжруулан амжилттай хэрэгжүүлэхэд хөтөлбөрт тусган, сургалтын бодит хэрэглэгдэхүүн болгон үр дүнтэй ашиглаж байна. Мөн хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн туршилт танин мэдэхүйн орчин бүрдүүлж эцэг эх, хүүхэд, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид эерэг нөлөө үзүүлсэн эко орчинтой болсон төдийгүй багш, ажилчдын нийгмийн асуудалд тодорхой дэмжлэг үзүүлж байгаа гэнэ. Щвейцарын хөгжлийн агентлагийн “Монгол ногоо” төслийг Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх санаачлан, сумын Засаг даргын Тамгын газар, “Монгол ногоо” төслийн багийн хамт олон удирдлага, арга зүйгээр ханган хамтран ажиллаж ирсэн байна.

 


Холбоотой мэдээ