"ДЦС-IV"-ийн турбоагрегатын шинэчлэлийг хурдасгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-09-11 17:28:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов нар “ДЦС-IV” ТӨХК-ийн турбоагрегат №1-4-ийг шинэчлэх төслийн явц байдалтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.  

Төслийн эхний үе шатанд турбоагрегат №1,4-ийг 2019 онд ашиглалтад оруулан горим ажиллагаанд холбосон. Төлөвлөгөөний дагуу турбоагрегат №2,3-ыг шинэчлэх ажлыг 2020 онд хийж дуусгах юм. Тус хоёр турбоагрегатыг шинэчлэх ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Уралын турбины завод” ХК ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар турбоагрегат №2 84.3 хувь, турбоагрегат №3 33 хувийн гүйцэтгэлтэй байна.

Турбоагрегат №2,3-ыг төвөвлөгөөт хугацаанд нь буюу өвлийн их ачааллаас өмнө ашиглалтад оруулахад анхаарч, гүйцэтгэгч байгууллагуудын удирдлагад мэдэгдэхийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хүслээ. Элчин сайд И.К.Азизов тоног төхөөрөмж болон шаардлагатай материалыг татах ажлыг хурдасгах, ОХУ-ын талын гүйцэтгэгч компаниудын удирдлагуудыг энд онцгой анхаарал хандуулж ажиллахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.


Холбоотой мэдээ