Дэд төвүүдэд тулгуурлан гарааны бизнесийг хөгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас гарааны бизнесийг дэмжих зорилгоор зөвлөх үйлчилгээ, интернэт, лаборатори, сургалтын танхим, уулзалтын өрөө ашиглах зэрэг боломж бүрдүүлэн гарааны 43 компанийг бойжуулж, 100 гаруй ажлын байр бий болгожээ.
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2018 онд гарааны бизнес эрхэлж буй компанийг дэмжих, ажлын байр нэмэх, гарааны бизнесийн эко систем бий болгохоор Улаанбаатар инновацын төв байгуулсан. Нийслэлийн хэмжээнд зургаан дэд төвтэй байхаар төлөвлөж, эхний ээлжинд Баянхошуу төвийг байгуулсан. Энд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Иргэдийн мэдээллийн төв, Номын сан, Азийн сан-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв, инкубаторийн өрөө, дундын оффис зэрэг иргэдэд зориулсан 365 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Өнгөрсөн хугацаанд тус төвөөр дамжин 17 компани бойжиж, 40 орчим хүнийг ажлын байртай болгов. Удахгүй Сэлбэ дэд төвийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Төр,
хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд менежментийг хэрхэн зохион байгуулж,
ажлын байр нэмэгдүүлэх, дэд төвүүдэд тулгуурлан хувийн хэвшлийг дэмжих талаар “Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх
боломж, гарц шийдэл-хамтын ажиллагаа” хэлэлцүүлгийн үеэр ярилцав. Энэ үеэр УИХ-ын
Инновац, цахим бодлогын
байнгын хорооны дарга Н.Учрал “Гарааны компаниуд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэдэг тул ХХК гээд бүртгэдэг. Тустай статустайгаар бүртгэчихвэл татвараас чөлөөлөх боломжтой юм. Монгол Улс гарааны бизнесийг дэмжсэн эдийн засгийн чөлөөт бүс
байгуулах шаардлагатай. УИХ-ын гишүүд хууль санаачлан боловсруулж,
удахгүй өргөн барина. 2019 онд баталсан Инновацын хуульд мэдээллийн
технологийн компаниудын татварын дэмжлэг, төрөөс бодлогоор дэмжих, гарааны
компаниудын хувьцаа арилжих боломжийг нээх, хамтын оффисыг анх удаа
бүртгэлжүүлэх, хуульд гарааны компаниудыг тодорхойлж өгсөн. Үүнийг хэрэгжүүлэхэд нийслэлд
байгуулаад буй дэд төвүүд
хамгийн их оролцоотой”-г онцлов.