Эцсийн мэдээллээ бүртгүүлээгүй тохиолдолд 500 нэгжээр торгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-08 15:55:28

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хуулийн этгээд өмчлөгчийн эцсийн мэдээллээ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас анхааруулж байна.


Бүртгүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1.1 болон 1.2 дахь хэсэгт тус тус үндэслэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох юм. Учир нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ ирэх оны нэгдүгээр сарын 1-нд багтаан улсын бүртгэлд бүртгүүлэхээр заажээ.


Иймд хуулийн этгээд “УБ-12 маягт”-ыг www.burtgel.gov.mn цахим хуудсаас татаж авч, үнэн зөв бөглөж ирүүлэх үүрэг хүлээж байгаа юм.


Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгүүлэхдээ


- УБ-12 маягт


- Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/


- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт


- Эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар /Үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээд буюу тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь гадаадын хуулийн этгээд бол гэрчилгээний хуулбарыг монгол хэлнээ орчуулж, баталгаажуулсан байна/ -ыг бүрдүүлэх юм.


Холбоотой мэдээ