Улсын хэмжээнд 360 гаруй усны ордын нөөцийг ашиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-08 14:47:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчны тогтвортой менежментийг хангах, усны нөөцийг хамгаалах чиглэлээр “Цэнхэр алт”, “Ой мод” хамгааллын хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа тухай Экологийн цагдаагийн албанаас өнөөдөр мэдээлэв.   


Улс орон даяар энэ сарын 4-нөөс ирэх сарын 5 хүртэл өрнүүлэх тус арга хэмжээний хүрээнд усны бохирдол, ойн нөөцийн хомстлын учир шалтгааныг олон нийтэд тайлбарлаж, иргэдийн оролцоотойгоор байгаль орчноо хамгаалах боломжийг таниулан сурталчлах контент бүтээх зэрэг нөлөөллийн ажлыг хийх бөгөөд усны бохирдлыг бууруулах чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр болжээ. Үүнийг БОАЖЯ-ны Ой бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Усны газар хамтран зохион байгуулж байгаа аж.


Энэ оны нэгдүгээр сараас хойш наймдугаар сар хүртэл улсын хэмжээнд хүрээлэн буй орчны эсрэг 1189 гомдол мэдээллийг Экологийн цагдаагийн алба хүлээн авч шалгажээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 771-ээр буюу 1.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Тухайлбал, хууль бусаар мод бэлтгэсэн 56 хэрэг, ой хээрийн түймэр тавьсан 3, байгаль орчныг бохирдуулсан 4 гэмт хэрэг бүртгэгджээ. Нийт хэрэг, зөрчлийн 95 хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн байна.


Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.7-д “Тогтвортой хөгжлийн боловсрол” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, иргэд, олон нийтэд эх дэлхийгээ хайрлах, уламжлалт ёс заншлаа дээдлэх мэдлэг олгож, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлнэ” хэмээн тусгасан байдаг. 


Экологийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны мэргэжилтэн Т.Билгүүнтөгс дээрх мэдээллийн үеэр хэлэхдээ, “Алт болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын нөлөөгөөр голын голдирол тутмын 200 га талбай элэгдэл, эвдрэлд орсон судалгаа мэдээлэл байна. Мөн сүүлийн таван жилийн байдлаар усан сан бүхий газрыг бохирдуулсан 1578 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Ус бохирдуулсан төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ашиглагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч байна гэсэн зарчмыг барьж Усны газар, Экологийн цагдаагийн алба хамтарсан ажил зохион явуулахаар төлөвлөөд байна” хэмээлээ.


Монгол орны усны нөөц нийт нутаг дэвсгэрийн хувьд жигд биш тархалттай тул нөөцөд тулгуурласан ашиглалт хийх шаардлагатай болдог. Одоогоор улсын хэмжээнд 360 гаруй усны ордын нөөцийг тодорхойлон ашиглаж байна. Улсын хэмжээнд нийт усны хэрэглээнийхээ 80 хувийг газрын гүний, 20 хувийг гадаргын усаар хангаж байгаа бөгөөд ашиглалт хэрэглээг ангилж харвал, хүн амын унд ахуйн хэрэглээнд 40 гаруй хувь, хөдөө аж ахуй, уул уурхайд 44 хувь, эрчим хүчний үйлдвэрлэлд 10 хувийг нь зарцуулдаг аж. Ус ашиглалтын менежментийг сайжруулах хүрээнд, ХАА-н усан хангамжийн чиглэлээр "Хөх морь" төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд томоохон 12 голын 33 байршилд далан барьж, бороо, цасны болон үерийн усыг хуримтлуулж ашиглах, цаашлаад гадаргын ус муутай говийн бүс рүү татах төслийн судалгааг хийж байгаа аж.

Холбоотой мэдээ