Мөрөн сум доторх авто замыг энэ сарын 15 гэхэд засварлаж дуусгахыг үүрэг болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-09-06 14:56:05

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 33-р хуралдаан болж Мөрөн сум доторх авто замыг засварлах ажлын талаар авч хэлэлцэв.

Энэ үеэр Онцгой комиссын дарга Л.Ганболд “Ард иргэдээс авто замтай холбоотой олон санал ирж байна. Өнөөдрийн байдлаар ажлын явц ямар шатанд байна гэдгийг Орон нутгийн өмчийн газрын дарга Б.Болдоос тодрууллаа.  “Үерт эвдэрсэн Мөрөн сумын доторх хатуу хучилттай авто замуудыг засварлах тендерийг зарлаж "Хүслэнт бүтээмж" компани шалгарсан. Тендер зарласан 8 сард 860 метр кв зам гэсэн тооцоо гарч байсан бол  бороо их орсон тул өнөөдрийн байдлаар  200 метр кв зам дээр эвдрэл үүсээд байна. Шинээр эвдэрсэн замуудыг засварлахын тулд нэмэлт гэрээ хийхээр гүйцэтгэгч компанитай тохиролцсон. Өнөөдрийн байдлаар зарим газарт шороо асгаж бэлтгэл ажлыг хийж байна”  гэдгийг ОНӨГ-ын дарга Б.Болд хэлж байлаа. Мөрөн сум үерийн ус зайлуулах системгүйн улмаас борооны бүх ус авто замаар урсаж байна. Энэ жилийн хувьд усархаг бороо их орсны улмаас эвдрэл их гарсан. Зам засварлах ажлыг нэн даруй эхлүүлж энэ сарын 15 гэхэд Мөрөн сум доторх авто зам засварлах, арчлах ажлыг хийж дуусгахыг Онцгой комиссын дарга Л.Ганболд холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

 


Холбоотой мэдээ