36 тарваганы нойтон тулам хадгалж байсныг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-09-03 16:56:58

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цагдаагийн газраас аймгийн хэмжээнд хууль бусаар тарвага агнах зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, аймгийн төвд тарваган тахал зөөвөрлөгдөн орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Экологийн ажил хариуцсан байцаагч нар хяналт шалгалтыг тасралтгүй зохион байгуулж байна. 

Хяналт шалгалтын үеэр 09 дүгээр сарын 02-ны өдөр Эрдэнэбулган суманд оршин суудаг иргэн “Э” нь өөрийн эзэмшлийн хашаа байшиндаа 36 тооны тарваганы нойтон тулам иргэдээс худалдан авч хадгалж байсныг хураан авч, зөрчлийн хэрэг нээн, Зооноз өвчин судлалын төв рүү хүлээлгэн өгжээ.

Монгол Улсын Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9. тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглох тухай заасан байдаг.

Иймд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх зэргээс татгалзаж, сонор сэрэмжтэй байхыг Цагдаагийн газраас зөвлөж байна.

Гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэргэжлийн байгууллагуудаас тогтмол өгсөөр байтал иргэд нойтон тарвагыг тээвэрлэж, аймгийн төвд нэвтрүүлсэн үйлдэл таслан зогсохгүй байгааг хэлж байв.

 

Холбоотой мэдээ