Саудын Аравиас хохирол нэхэмжлэх тухай хуулийн төслийг Сенатын танхим баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-18 12:01:12

ВАШИНГТОН./VOA/. 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон террорист халдлагаас амьд гарсан болон амиа алдсан 3000 орчим хүний төрөл төрөгсдөд Саудын Арави улсаас хохирлын мөнгө нэхэмжлэх эрхийг олгох тухай хуулийн төслийг АНУ-ын Сенатын танхим өнөөдөр баталлаа.

Америкийн түүхэнд гарсан хамгийн аймшигт энэ халдлагад ямар нэгэн хэлбэрээр оролцоогүй хэмээн Саудын Арави няцааж байгаа боловч Нью-Йорк болон Вашингтонд халдлага үйлдэхийн тулд зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг барьцаалсан 19 этгээдийн 15 нь Саудын Аравийн харьяат байсан гэдэг нь тогтоогдсон байна.

Ил санал хураалтаар баталсан уг хуулийн дагуу хохирогчдын гэр бүлийнхэнд Саудын Аравийн талаас хохирлын мөнгө нэхэмжлэх эрхийг олгож байна. Харин Саудын Аравийн эрх баригчид үүний хариуд мэдэгдэхдээ, хэрвээ энэ хуулийн төсөл батлагдвал Америкийн эдийн засгаас олон тэрбум доллароо буцаан татна гэж сүрдүүлжээ.

Уг хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим сайшаан баталж, үүний дараа Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ёстой юм. Харин Обама хэлэхдээ "энэ хуулийн төсөл нь гадаадад байгаа америкчуудыг хууль эрх зүйн байдлын хувьд эрсдэлд оруулах учир Төлөөлөгчдийн танхим төслийг баталсан тохиолдолд хориг тавина" гэдгээ мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ