Үйлчлүүлэгчдийн 70-90 хувь нь хеликобактертай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-09-02 17:18:27
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл оношилгооны тасгаар өдөрт 30 гаруй хүн үйлчлүүлдэг байна. Тэдний 70-90 хувь нь хеликобактертай буюу ходоодны хавдрын нэгдүгээр шалтгаантай байна.

Сүүлийн үед буруу хооллолт, амьдралын буруу дадал хэвшлээс болж иргэд ходоод, ялангуяа хоол боловсруулах эрхтний өвчлөл эрс нэмэгдэж байгаа нь өдөр бүрийн үзлэг, оношилгооноос харагддаг. Мөн иргэд ходоодоо олон дурандуулах нь эрүүл мэндэд муу байдаг гэсэн дам ярианд итгэснээс өвчнөө хүндрүүлэх тохиолдол байдаг. Зарим тохиолдолд хавдрын сүүлийн шатанд ч орсон хойноо ирэх нь элбэг байдаг. Тиймээс иргэдэд энэ талаарх зөвлөгөөг өгмөөр байна. Хоол боловсруулах дээд, доод зам амьсгалын замыг харж шинжлэх, эмчлэх, оношлох багажийн шинжилгээний аргыг дурангийн шинжилгээ гэнэ. Ходоод болон гэдэсний уян дижитал видео дуран нь хоол боловсруулах замын үрэвсэлт болон шархлаат өвчнүүд, хортой, хоргүй хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх өндөр ач холбогдолтой. Хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй шинжилгээ юм. Хүний улаан хоолойн диаметр хоёр см, уян дурангийн диаметр 0,8 см гулгамтгай учир хүний биед тааламжгүй байдал үүсгэх явдал үгүй. Тийм учраас та өөрийн эрүүл мэндийн төлөө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж заавал эмчид хандан өвчнөө эрт оношлуулж эмчлүүлэх нь чухал юм.

Дурангийн шинжилгээнд ирэхдээ өлөн байх шаардлагатай


Хэрэв танд дараах зовуурь, шаналгаа илэрвэл дурангийн шинжилгээг заавал хийлгээрэй гэж зөвлөх байна.

Тухайлбал хоолны шингэц муудах, ходоод цанхайх, гэдэс дүүрэх, дотор муухайрах, огих, бөөлжих. Мөн хэл зузаарч өнгөртөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, батгаших, цээж гашуу оргих, гулгих, хэхрүүлэх, зогьсох, хоол тээглэж горойх. Ходоод аюулхай орчим өвдөх, гүйлгэх, өтгөн хар өнгөтэй гарах. Шалтгаангүй турах, ядрах гэх зэрэг шинж тэмдэг илэрвэл шууд эмчид хандаж дурангийн шинжилгээг яаралтай өгөх хэрэгтэй. Шинжилгээ өгөхөөр шийдсэн бол шинжилгээнд ирэхдээ  урьд оройн 19:00 цагаас хойш юм идэхгүй, дурандуулахаар ирэх өдрөө өлөн байх шаардлагатай.

Танд дараах зовуурь, шаналгаа илэрвэл гэдэсний дурангийн шинжилгээ заавал хийлгээрэй. Тухайлбал өтгөн хатах, хий дүлүүлэх, өтгөн цус, салсттай гарах. Гэдэс дүүрэх, базлах, түгжрэх, шалтгаангүй турах, ядрах гэхчлэн шинж тэмдэг илэрвэл мөн л заавал нарийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай юм. Тэгэхлээр шинжилгээнд ирэхдээ гэдэсний дурангийн шинжилгээнд тусгайлсан бэлтгэл шаардлагатай байдаг. Үүний тулд гэдсийг сайтар цэвэрлэсэн байх хэрэгтэй. Тухайлбал цэвэрлэх клизмийг уухаар эсвэл шулуун гэдсээр тавиулах,туулгах эм уух зэргээр гэдсээ цэвэрлэж ирэх хэрэгтэй байдаг гэж Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Үйл оношилгооны тасгийн эрхлэгч, дурангийн их эмч Б.Уранцэцэг зөвлөж байна. 

Холбоотой мэдээ