Багдадад болсон халдлагын улмаас 70 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-18 09:35:32

БАГДАД. /АР/. Иракийн нийслэл Багдад хотод дөрвөн удаагийн цуврал халдлага болсны улмаас наад зах нь 70 хүн амиа алдаж, 140 орчим хүн шархадсан байна.

Эхний бөмбөг Багдад хотын хойд хэсгийн Шааб дүүрэгт өчигдөр дэлбэрсэн байна. Дэлбэрэлтийн дараа хүмүүс хохирогчдод тусламж үзүүлэхээр цуглах үед амиа золиослогч этгээд дахин нэг бөмбөг дэлбэлжээ. Эдгээр халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл  өөртөө хүлээсэн байна.

Үүнээс гадна Шааб дүүргийн зэргэлдээх Рашид дүүргийн барааны захад тэсрэх бөмбөг ачсан хоёр машин дэлбэрсэн байна. Дээрх дөрвөн дэлбэрэлт шиитүүд голдуу оршин суудаг дүүргүүдэд хэдхэн цагийн дотор дараалан болжээ.

Иракийн Зэвсэгт хүчин болон АНУ тэргүүтэй эвслийн цэргийн хүчин “Лалын улс” бүлэглэлийн эсрэг ажиллагаагаа эрчимжүүлж байгаа билээ.

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас мэдээлэл хийхдээ "Иракт "Лалын улс” бүлэглэлийн эзлэн авсан газар нутгийн хэмжээ 45 хувиар хумигдсан” гэжээ.

"Лалын улс" бүлэглэлийнхэн 4 дүгээр сарын 30 болон 5 дугаар сарын 11-нд Багдад хотод террорист халдлага үйлдсэн билээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, уг бүлэглэл хотуудад террорист халдлага үйлдэх байдлаар тактикаа өөрчилж байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ