Францад өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлын тоо огцом нэмэгджээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-08-29 10:47:53

ПАРИС. /BBC/. Францад баасан гарагт коронавирусний халдварын 7379 шинэ тохиолдол илэрсэн нь өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Эмманюэль Макрон улс даяар дахин хөл хорио тогтоож магадгүй талаар дурдсан байна.


“Францад халдвар хурдацтай тархаж байна” гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэх үеэрээ мэдэгджээ. Францад лхагва гарагт 5429, пүрэв гарагт 6111 халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд баасан гаргийн байдлаар 267077 хүн халдвар авч, 30596 хүн нас баржээ.  


“Халдварын тохиолдлын огцом нэмэгдэж байгаа боловч шинээр халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь залуучууд байгаа тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо болон халдвараар нас барж буй хүний тоо харьцангуй тогтвортой байна” гэж Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


Халдварын тархалт хяналтаас гарвал орон даяар хоёр дахь удаагаа хөл хорио тогтоохыг үгүйсгэхгүй гэж Э.Макрон Эрүүл мэндийн яамнаас халдварын үзүүлэлтүүдийн талаар мэдээлэхээс өмнөхөн мэдэгджээ. Гэсэн хэдий ч Засгийн газар эдийн засгийн сэргэлтэд сөргөөр нөлөөлөх хязгаарлалтын арга хэмжээнүүдээс зайлсхийхийг хичээж байгаа гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Мөн олноор цуглахгүй байхыг ард иргэддээ уриалжээ.


Франц улс найман долоо хоногийн турш тогтоосон хөл хориогоо өнгөрсөн тавдугаар сараас сулруулж эхэлсэн юм. Гэвч нийслэл Парис хот гэх мэт газруудад хатуу хяналтыг тогтоосон хэвээр байгаа ажээ. Мөн хөл хорионы арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх эрх мэдлийг орон нутгийн эрх баригчдад олгожээ. Парист халдварын тархалтыг сааруулахын тулд баасан гаргаас гадуур явахдаа амны хаалт заавал зүүхийг шаардаж эхэлсэн байна. 

Холбоотой мэдээ