Монгол эрдэмтдийн гаргасан оношлуурыг 100 хүний цусны дээжид туршина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136@gmail.com
2020-08-24 10:51:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол эрдэмтэд шинэ төрлийн коронавирус буюу SARS-CoV2 вирусний эсрэг бие илрүүлэх оношлуурыг гаргаад буй. Энэ оношлуур өдгөө манай улсад хэрэглэж буй оношлуураас ямар онцлог ялгаатай болон туршилтын явц ямар байгаа тухай асуудлаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лабораторийн академич Ц.Оюунсүрэнтэй ярилцлаа.

 

-Монгол эрдэмтэд “КОВИД-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүст дархлаа суусан эсэхийг оношлох оношлуур гарган авсан. Энэ ажил хэрхэн явагдсан талаар яриагаа эхлэх үү?

 

-Манай ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн  Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн  эрдэмтдийн хамтарсан баг SARS-CoV2  коронавирусний халдварыг хүний цус, сийвэн зэрэгт уг вирусний эсрэг бие илрүүлэх аргаар оношлох оношлуурын  цомгийг гарган аваад байна.  Энэ ажилд генийн инженерчлэл,  молекул  биологи, иммунологи, биохимийн  арга ашигласнаараа нэлээд шинэлэг бөгөөд орчин үеийн шаардлага, хэрэгцээнд нийцсэн оношлуур болсон гэж үзэж байна. Биднийг анх дөрөвдүгээр сарын эхээр оношлуур гаргах төсөл боловсруулаад танилцуулахад манай ШУА, БШУЯ, ШУТСан, ЭМЯ-наас уг  санал санаачилгыг  дэмжиж, боломжоороо санхүүгийн  туслалцаа  үзүүлсний дүнд бид оношлуур, түүний эхний загваруудыг гаргаад байна. 

 

-Коронавирус илрүүлэх оношлуурыг хэдхэн сарын дотор гаргасан байна. Ер нь манай эрдэмтэд өмнө нь оношлуур гаргаж байсан туршлага бий юу?

           

-Бид гурван сарын хугацаанд  нарийн төлөвлөгөөтэй,  маш шахуу,  бараг 24 цагаар ажиллаж  оношлуурыг  гаргасан. Өмнө нь  манай Молекул биологийн лабораторид  элэгний хавдрын тохиолдолд хүний цусанд ихэсдэг альфафетопротеин гэдэг  уургийн хэмжээг тодорхойлох  элэгний хавдрын  оношлуур гаргасан туршлагатай. Одоогоор оюуны өмчийн эрх авахаар хүлээж байгаа.

 

-Оношлуурыг хаанаас баталгаажуулдаг вэ?

           

-Мэдээж Оюуны өмчийн  эрхийн баталгаа  авна. Тэгээд холбогдох референс лаборатариуд  ашиглан шалгаж  дүнг нэгтгэн ЭМЯ зэрэг газар баталгаажуулах байх аа.

 

-Олноор үйлдвэрлэн дотоодын хэрэгцээнд нийлүүлэхэд ямар хүндрэл байгаа вэ, санхүүжилтийн асуудлыг нь хэрхэн шийдэх вэ?

           

-Гол нь санхүүжилтийн асуудал байна. Бидний ажлыг  БШУЯ, ЭМЯ, манай ШУА-ийн удирдлага  дэмжиж саяхан хамтарсан уулзалт зохион байгуулсан. Үйлдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилт, багаж, урвалж зэргийн тухай үндэслэл,  тайлбар зэргийг тусгасан бичиг дээд байгууллагуудад хүргүүлсэн.  

 

-Давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ гээд байгаа. Ер нь энэ оношлуур ХӨСҮТ-ийн төв болон салбар лабораторид хэрэглэж байгаа оношлуураас үнэ, чанарын хувьд ямар ялгаатай вэ?

           

-Давтан шинжилгээгээр коронавирус илэрч болно. Хүний биед хэдхэн тооны вирус байвал тэр нь үржээд олшроод шинжилгээгээр илэрнэ.  Ер нь вирусийг, ялангуяа РНХ бүхий вирусийг  бүрэн устгах гэдэг маш төвөгтэй асуудал. Энэ ганц коронавируст хамаатай биш юм. Дэлхий нийтээр эрдэмтэд вирусний, ялангуяа өвчин үүсгэгч вирусний судалгааг маш эрчимтэй хийж байгаа ч асуудал  одоо болтол бүрэн шийдэгдээгүй  л байгаа. 

Одоогоор манайд бусад улс орны  адил  SARS-CoV2 вирусний /КОВИД-19 сурв/ халдварыг оношлох, баталгаажуулахад уг вирусний эсрэг төрөгч, эсрэг биед суурилсан түргэн оношлуур болон бодит хугацааны Полимеразын гинжин урвалд  (ПГУ) суурилсан  хоёр төрлийн оношлуурыг ашиглаж байна. 


Харин  бидний гарган авсан оношлуур нь SARS-CoV2  вирусний халдварын  улмаас хүний биед  уг вирусний эсрэг бие үүсэж дархлаа тогтсон эсэхийг илрүүлэх юм. 


Иймээс энэ  оношлуур нь уг  вирусний халдварын явц болон КОВИД-19  өвчний  эмчилгээний үр дүн,  уг  вирусний эсрэг дархлаа тогтоц зэргийг хянах, вирусний халдвар авсан ч шинж тэмдэг  илрээгүй хүмүүсийг  илрүүлэх, хүн амын дундах, ялангуяа эрсдэлт бүлгийн хүмүүсийн дархлаа тогтоц болон вакцины дараах дархлаа  тогтцыг  хянах  зэрэг олон  чухал ач холбогдолтой.  Чанарын хувьд олон улсын стандарт, жишигт нийцсэн оношлуур гэж үзэж байгаа. Үнэ өртгийн тухай одоогоор хэлж мэдэхгүй байна.

 

-Одоогоор уг оношлуурыг хэчнээн хүнд туршаад байна вэ, үр дүнгийн талаар?

           

-Манай ХӨСҮТ-д  хэвтэж эмчлүүлээд эдгэрсэн 10 хүний цусны дээжид уг оношлуурын загвараа ашиглаж  оношилгоо хийж туршсан. Үр дүн нь 100 хувь сайн  байлаа. Харин одоо 100 хүний дээжид шалгахаар ажиллаж байна.

 

-Энэ оношлуураа дотоодын хэрэгцээнд нийлүүлээд зогсохгүй гадаадад гаргах төлөвлөгөө бий юу?

           

-Оношлуурыг олноор үйлдвэрлэх санхүүжилтийн асуудал шийдэгдвэл энэ талаар  цаашид бодож болох байх аа.

 

Холбоотой мэдээ