Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-08-11 12:31:14

Увс /МОНЦАМЭ/. Увс аймаг тарваган тахал өвчин гарах голомттой бүсэд багтаж байгаатай холбогдуулан аймгийн ЗДТГ-аас иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.

Тухайлбал ард иргэдийг тарвага агнахгүй байх, тарваганы мах, түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх, тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх, түүхий мах эд, эрхтэнг нь хот суурин газарт оруулахгүй байх, хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх, гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх зэргээр тус өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

“Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаагаар хориглосон байгаа. Гэтэл иргэд өөрсдийн хариуцлагагүй, ухамсаргүй байдлаас үүдэн тарваган тахал өвчний идэвхжилийн үед тарвага агнах, улмаар хүнсэндээ хэрэглэж тус өвчнөөр өвчлөх тохиолдол зарим аймгуудад гарч байна. Хэрэв хууль бусаар тарвага агнасан, барьсан, тарваганы гаралтай эд, эрхтэн, арьс, худалдсан, худалдан авсан тохиолдолд хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээ авахаас гадна тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж нөхөн төлбөр авна. Иймээс ард иргэд хуулиа мөрдөх шаардлагатай байна” хэмээн Улаангом сумын ЗДТГ-ын байгаль хамгаалагч М.Даваа хэллээ.

Холбоотой мэдээ