Германд дүрвэгсдийн IQ-г тогтоох төсөл хэрэгжүүлж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-16 12:49:36

БЕРЛИН. /Haaretz/. Германы баруун өмнөд нутгийн Саарланд мужийн Дотоод хэргийн сайд Клаус Бульон ярихдаа "авьяас чадвартай дүрвэгсдийг олж илрүүлэн, тэднийг ажлын байртай болгох үйл явцыг хурдасгах зорилгоор дүрвэгсдийн дунд оюун ухааны сорил явуулахаар төлөвлөж байна" гэжээ.

"Бид дүрвэгсдийн дунд оюун ухааны сорил явуулах замаар авьяас чадвартай дүрвэгсдийг олж илрүүлэн, тэднийг ямар мэргэжлийн бүлэгт хуваарилж, ямар чиглэлээр сургах боломжтой гэдгийг тодорхойлох зорилгоор туршилтын төсөл хэрэгжүүлэх зорилготой байна" гэж тэрбээр “Rheinische Post” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ.

Эхний ээлжинд уг төсөлд 600-700 цагаач иргэд сайн дураараа оролцоно гэж тэрбээр үзэж байна.

Мөн тэрбээр хэлэхдээ "Германы Хөдөлмөр эрхлэлтийн агентлаг болон энэ чиглэлийн бусад байгууллагуудтай бид хамтран ажиллахаар төлөвлөсөн" гэдгээ мэдэгджээ.

Германы улс төрчид цагаач, дүрвэгсдийг ажлын байртай болгох арга замыг эрэлхийлсээр байгаа билээ. Харин Клаус Бульоны дэвшүүлсэн саналыг дэмжихгүй байгаа хүмүүс байна.  Саарланд мужийн зүүний төвч Социал Демократ намын ерөнхий нарийн бичгийн дарга Петра Бергийн хэлснээр бол “энэ санал нь бүхэлдээ буруу хандлага бөгөөд ухаалаг сэтгэлгээний хэв шинж биш” ажээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ