Монгол оюутнуудыг гадаад сургах талаар сөрөг, туйлширсан мэдээлэл түгээхгүй байхыг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-03 09:13:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ монгол оюутнуудыг гадаадад суралцахтай холбоотой мэдэгдэл гаргажээ. Тус яамнаас мэдээлэхдээ, Засгийн газраас энэ оны 4 дүгээр сард “Монгол Улсад нэн шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт”-ыг шинэчлэн баталсан. БШУ-ны сайд гадаад улсад иргэдээ дээрх мэргэжлээр сургахад эхний ээлжинд анхаарч ажиллах талаар гадаад орнуудын Элчин сайд нартай сүүлийн үед хийсэн уулзалтуудын үеэр хүсэлт тавьж байгаа гэжээ. 

Гэтэл дээрх ээлжит уулзалтын хүрээнд ярьж буй сургалтын талаарх сэдвийг зарим иргэн, мэдээллийн хэрэгсэл улстөржүүлж, буруу ташаа ойлголтыг олон нийтэд түгээж байна. Энэ нь Засгийн газар хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт, гадаадын их, дээд сургуульд суралцагсдын эрх ашиг, нөхцөл боломж, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай тул нэг талыг барьж, туйлширсан мэдээлэл түгээхгүй байхыг хүсье гэжээ.

Монгол Улсын Засгийн газар өнөөдрийн байдлаар ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ, Австрали, Франц, Болгар, Унгар, Польш зэрэг 21 улсын Засгийн газартай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу жил бүр тодорхой тооны оюутан, залуусыг дээрх орнуудад суралцуулж байна. 

Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2012 оноос хойш зөвхөн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2521 монгол оюутан суралцсан. 2019 оны байдлаар БНХАУ-ын Их, дээд сургуульд Засгийн газрын тэтгэлгээр болон хувийн зардлаар 10.100 монгол оюутан суралцаж байна.

Элчин сайд нартай албан ёсны уулзалт хийхэд хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй гэрээ, хэлэлцээрийг үргэлжлүүлэх, чанар, тоог нэмэгдүүлэх, салбарын хөгжилтэй холбоотой шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцож, хүсэлт гаргадаг уламжлалтай юм гэж БШУЯ-наас мэдээллээ.


Холбоотой мэдээ