Тапан Мишра: Хөгжлийн өмнөх сорилтыг даван туулахаар дэлхийн хүн амын дуу хоолойг сонсож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн байгуулллага гэгдэх НҮБ байгуулагдсаны 75 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхийн иргэдийн дуу хоолойг сонсох "НҮБ-75" гэсэн хэлэлцүүлгийг олон улс оронд өрнүүлэх санаачилга гаргасан.
"Хүсэж буй ирээдүйгээ хамтдаа байгуулья" урианд дор өрнөж буй энэхүү хэлэлцүүлгийг НҮБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар өчигдөр манай улсад эхлүүллээ. Ингэхдээ НҮБ-ын дэлхий дахины санаачлагыг иргэд, олон нийтэд хүргэх гол гүүр болох хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчдийг эхний удаад урин хамруулав.
Энэ талаар НҮБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Тапан Мишрагаас тодруулбал, "НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан "НҮБ-75" санаачилгын хүрээнд ирэх 25 жилд дэлхий нийтийн өмнө хөгжлийн ямар сорилт тулгарч байгаа, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар дэлхийн хүн амын дуу хоолойг сонсож байна. Хөгжлийн асуудлыг шийдэхэд дэлхийн хамтын нийгэмлэгүүд ямар үүрэг оролцоотой байхыг ч энд ярьж байна. Энд хүн бүрийн дуу хоолой, санал чухал. Энэ бүхнийг бид НҮБ-ын ойгоор дэлхийн удирдлагуудад хүргэх юм. Тийм учраас хэлэлцүүлгээр дамжуулан Монгол Улсын иргэдийн дуу хоолойг сонсож, хүлээн авч байна" хэмээн онцлов.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, алслагдсан аймаг сумдад ажиллаж амьдарч байгаа иргэн нэг бүрийн саналыг ирүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага гүүр болох учиртайг НҮБ-ын суурин зохицуулагч онцоллоо.
Тэрээр цааш нь хэлэхдээ, “Хөгжлийн үйл явцад хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмын дагуу НҮБ-аас гаргасан санаачлагад нийгмийн бүхий л хэсгийн төлөөллийг хамруулахыг бид зорьж байна. Тодруулж хэлбэл, 200 гаруй улс орны иргэн бүрийн саналыг хамруулахын тулд үндэстэн, бүс нутгийн хэмжээний хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо чухал нөлөөтэй. Үүнийг бид маш сайн ойлгож байгаа. Нийгмийн бүхий л хэсгийн дуу хоолойг сонсож, цаашид уг үйл ажиллагааг өргөжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид та бүгд ихээхэн хувь нэмэр оруулна” гэлээ.
Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас зохион байгуулсан “2020 он ба Ирээдүй” хэвлэл мэдээллийн салбарын зөвлөлдөх уулзалтын үеэр НҮБ-ын суурин зохицуулалтын газрын Стратеги төлөвлөлт хариуцсан ахлагч Ж.Должинсүрэн илтгэл тавьсан юм.
Тэрээр, "Өнөөдөр НҮБ-ын үйл ажиллагааны зорилго дэлхий дахинд Тогтвортой хөгжлийн зорилттой уялдан өөрчлөгдөх болсон"-ыг тодотгоод, Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирлээ. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг улс орон даяар хэрэгжүүлэхэд Монгол Улс үүрэг хүлээн, "Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030", "Алсын хараа-2050" зэрэг хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг батлан ажиллаж байгааг онцоллоо.
Уулзалт хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг хүргэвэл, “Аз жаргал” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Баясгалан, "Дэлхийн иргэдээ сонсох санаачилгын мэдээлэл хөдөөгийн малчид, өндөр настан, хүүхэд залуучууд гээд нийгмийн бүх хүнд хүрэх учиртай. Манай улс өргөн уудам нутагтай болохоор мэдээлэл тэр бүр хүрч чаддаггүй, бас хязгаарлагдмал орчин их учир энэ тал дээр төрийн болон ТББ-ууд анхаарч, бүхий сувгаар хамтран ажиллана гэдэгт найдаж байна" гэсэн юм.
Энэ ташрамд мэдээлэхэд үүрэн телефоны "Jotform" аппликейшнийг ашиглан интернетийн сүлжээгүй газраас ч НҮБ-ын энэ хэлэлцүүлэгт нэг минутын санал асуулгыг бөглөн оролцох боломжтойг уулзалтын үеэр мэдээлж байлаа.