Өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь дуусгахыг үүрэг болгов

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-07-28 18:39:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт, нүүрсний асуудлыг Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Эрчим хүчний сайд өөрийн эрхлэх ажлын хүрээнд хамаарах болсон. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Багануур" болон “Шивээ-Овоо” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцлаа.

Монгол Улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг Багануурын уурхай 40 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна. ЭХЯ-ы захиалгаар тус уурхай ТЭЗҮ-ээ Дэлхийн банкны Уул уурхай, дэд бүтцийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар дахин хийлгэснээр ордын нөөцөө шинэчилж 60 жилийн хугацаатай, жилд 8-10 сая тонн нүүрс гаргахаар тооцоолжээ.

Тус уурхай техник, тоног төхөөрөмжөө Японы Олон улсын харилцан туслалцах нийгэмлэгийн 12.3 сая ам.долларын зээлээр шинэчилж байна. Ус шүүрүүлэх станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг амжилттай гүйцэтгэснээ салбарын сайдад танилцууллаа. Уулын 110 кВ-ын дэд станцыг нүүлгэн шилжүүлж, 5.5 тэрбум төгрөгийн ажил хийж байгаагаас гүйцэтгэл 70 хувьтай байна.


2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 3 бүлэг, 50 зүйл бүхий 35.3 тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 36 хувьтай байгааг уурхайн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун танилцууллаа. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өвөлжилтийн бэлтгэл ажлыг хугацаанд нь багтаан дуусгах, өртөг бууруулах, хэмнэлтийн горимд ажиллах, асуудлаа бие дааж шийдвэрлэх, бүтэц орон тоог тодорхой болгох, шилэн байх, складны үлдэгдлийг бууруулах, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд дорвитой анхаарахыг үүрэг болголоо.


Дотоодын нүүрсний хэрэгцээний 28.5 хувийг хангадаг Шивээ-Овоогийн уурхай хүрэн нүүрсний ордын Шинэ-Усны хэсгийн 4.290 га талбайд 30 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бизнес төлөвлөгөөнд 20 автомашинтай ажиллахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд технологийн 10-14 машин ажиллаж хөрс тээвэрлэх, нүүрс олборлон борлуулах ажлыг гүйцэтгэж байна. Машины хүрэлцээ муу байгаагаас үндсэн хөрсний доглуудыг ахиулах, нүүрс нээх ажлыг гүйцэтгэхэд хүндрэл үүсчээ. Мөн техник, тоног төхөөрөмжийн элэгдэл, дутагдлаас шалтгаалан уурхайн нийт хөрсний хоцрогдол 3.500.0 мянган шоометр болсон байна.


Компанийн хөрөнгөөр 29 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, техникийн шинэчлэл хийсэн байна. Нүүрсний өртөг үнийн зөрүүнээс алдагдал хүлээж байгаа тул өртгийн зөрүүг шийдвэрүүлэх хүсэлтэй байгааг уурхайн удирдлага танилцуулав. Өвөлжилтийн бэлтгэл ажил 60 хувьтай, төлөвлөсөн хугацаандаа дуусахаа уурхайн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин хэллээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж, өр авлагын асуудалд анхаарах, “COVID-19”-ийн цар тахлын нөхцөлд нүүрсний уурхайнууд хорио цээрийн дэглэмийг тууштай баримталж ажиллахыг үүрэг болголоо.


Холбоотой мэдээ