Ховд аймаг гудамжны номын сантай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-27 17:02:00

|Ховд МОНЦАМЭ|. Залуу үеийнхний санаачлагаар Ховд аймагт анх удаа гудамжны номын сан байгуулжээ. Тус номын санг бий болгохдоо хөргөгч ашигласан байна.

Улмаар аймгийн төв талбай болон Буянт голын зусланд тус тус байршуулжээ. Гудамжны номын санд сурах бичиг болон  уран зохиол, үлгэр зэрэг 300 гаруй ном байгаа аж. 

Энэхүү номын санг байгуулснаар хүүхэд багачууд, өсвөр үе, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ном унших, мэдлэгээ сайжруулах, хамтдаа хөгжих боломж өргөжсөн байна.  

Түүнчлэн номыг зөвхөн номын сангийн үнэмлэхтэй эсвэл мөнгөтэй хүн авч уншдаг байдлыг халж, эвдэрхий хөргөгч, өөр бусад хэрэгслийг дахин ашиглах замаар хүмүүсийн сайн дураараа хандивласан номыг цуглуулж, иргэд олон нийт үнэ төлбөргүй унших боломж олгож буйгаараа давуу талтай аж. Мөн иргэд уншиж дууссан номоо солилцох боломжтой. 

Энэхүү гудамжны номын сан нь бяцхан дүрэмтэй.  Уг дүрмийг танилцуулбал, 

-Та номоо газар дээр нь уншаад, буцаагаад хийх, түр зээлж, эсвэл өөр номоор сольж авч болно.

-Гудамжны номын сан нь танд зориулсан үнэгүй үйлчилгээ бөгөөд номууд нь хүмүүсийн хандив тул арилжааны зорилгоор бүү аваарай.

-Номын сан эвдэрч гэмтсэн байвал та өөриймсгөөр засаж сэлбээрэй.

-Аливаа сурталчилгааны гарын авлага байрлуулсан байвал гаргаж тавиарай.

-Та ашигладаггүй, бусдад хандивлах боломжтой номоо байрлуулж, эсвэл сольж авч болно.

-Шинэ ном нэмэх бол: “Хандивын ном тул арилжааны зорилгоор бүү ашиглаарай. Ховд аймаг-Гудамжны номын сан  фэйсбүүк бүлгэм" гэх зааврыг номынхоо хавтасны дотор болон зарим хуудас дээр бичээрэй. 

-Та “Ховд аймаг - Гудамжны номын сан”-гийн номыг бусдаас худалдаж авахгүй байж, бидний боловсролын санаачилгыг дэмжээрэй гэжээ.

"Гудамжны номын сан"-г Ховд аймагт санаачлан хэрэгжүүлж буй залуусын төлөөлөл бол Хувь хүний хөгжлийн институтийн менежер Б.Сумхүү, СЭЗИС - ийн IV курсийн оюутан Ц.Нарангэрэл юм. 

 

 

Холбоотой мэдээ