Д.Нямхүү: Энхийг сахиулагчдын давтан шинжилгээнд анхаарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаарх ЭМЯ-ны ээлжит мэдээллээр өнөөдрийн байдлаар манай улсад 210 хүн ажиглалтад шинээр орж, 218 хүн өчигдөр ажиглалтаас гарчээ. Ингэснээр нийт ажиглалтад байгаа 2566 хүнд 100 гаруй эмч мэргэжилтэн эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 176 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. "Энд, өчигдөр тусгай үүргийн онгоцоор Афганистан улсаас эх орондоо ирсэн 124 энхийг сахиулагчид хийсэн эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй. Дараагийн давтан шинжилгээнд онцгойлон анхаарлаа хандуулж буйг мэдэгдлээ.
Хилийн Алтанбулаг боомтоор орж ирсэн 29 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус мөн илрээгүй байна.
Манай улсад коронавирусний халдварын 288 тохиолдол батлагдаж, 218 хүн эдгэрч, 70 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. 61 хүн хөнгөн, 9 хүн хүндэвтэр байдалтай байна. Эмчлэгдээд эдгэрсэн иргэдээс дахин коронавирус илэрч байгаа талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өгөхдөө, "Манайд эмчлэгдээд гарсан 23 иргэнээс дахин коронавирус илэрсэн тул бид ажиглалтын хугацааг сунган хянаж байсан. Хяналтад байгаа хүмүүстэй ярилцаж байдлыг ойлгуулж тохиролцсоны үндсэн дээр хяналтын хугацааг сунгасан. Үүнээс 11 хүн гурван давтан шинжилгээгээр сөрөг буюу коронавирус илрээгүй тул гэрийн хяналтад шилжүүлсэн" гэв.