Боловсрол соёл урлагийн газар сургалтын арга туршлагын цахим сантай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-07-24 16:24:55

Булган/МОНЦАМЭ/.Булган аймгийн Боловсрол соёл урлагийн газар ахмад, залуу багш нарын шилдэг тэргүүний арга, туршлага, сурагчдын бүтээлийг багтаасан нэгдсэн цахим санг үүсгэн ашиглаж байна.

"Тэргүүлэх" зэрэгтэй 130 багшийн шилдэг арга зүй болон бага боловсролын багш нарын тэргүүн туршлага бүхий 122 хичээлийг цахим хэлбэрээр бэлтгэн сургалт, сурталчилгаанд ашиглаж эхэлжээ. Мөн хичээлийн судлагдахуун хариуцсан мэргэжилтэн бүр сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, мэдээ, мэдээллийг олон нийтийн сүлжээнд тогтмол байршуулан нийтэд хүргэж байна.

-Сургалтын шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ багш, удирдах ажилтны арга барилыг дээшлүүлэх ажил зохиож байна. Анги удирдсан багш нарт холбогдох эрх зүйн акт, тэргүүн туршлага зэргийг эмхэтгэн гарын авлага боловсруулж, 500 хувийг хэвлэн тараасан. 2019-2020 оны хичээлийн жилд сургууль бүрээс шалгарсан шилдэг илтгэлүүдийн эмхэтгэлийг нэгтгэн багш нарт түгээлээ гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын албаны дарга Ж.Орхонтуул ярилаа. Энэ онд Булган сумын 1-р сургуулийн багш Г.Баярчимэг, Сайхан сумын ерөнхий боловсролын сургуулийн багш З.Золжаргал, Баяннуур, Тэшиг сумын Насан туршийн нэгжийн багш Б.Зоригт, н.Эрхэмбаяр нар багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн теле хичээлийн бичлэгт оролцон өөрийн арга зүйгээ үндэсний хэмжээнд танилцуулжээ.

Холбоотой мэдээ