Н.Цогбадрах: Тарваган тахлаар халдварласан хүн нас барах магадлал 30-100 хувь байдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-16 13:26:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад 2017-2018 онд тарвага агнах, тээвэрлэх, хүнсэд хэрэглэх, түүхий эрхтэнг эмчилгээний зориулалтаар хэрэглэн, тарваган тахлаар халдварласан бүх иргэн  нас баржээ. Энэ талаар Зоонозын өвчин судалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийн дарга Н.Цогбадрах ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. 


Тэрбээр, "Тарваган тахлаар халдварласан хүн нас барах магадлал 30-100 хувь байдаг. Энэ сарын 11-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүү эндсэн тохиолдол гарсан. Зооноз өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээгээр үжил (нян цусаар бүх биед тархсанаас үүдсэн халдвар) хэлбэрийн тарваган тахлын вирус хүндэрч, шок болсон байна. Тус тохиолдлын анхдагч болон хоёрдогч хавьтал болох 23 хүнийг тусгаарлан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан. Мөн Ховд аймагт тарваган тахлаар өвчилсөн хоёр иргэний биеийн байдалд дунд байгаа бөгөөд голомтын бүсэд ариутгал  хийсэн" гэв.


Баяр наадмын амралтын өдрүүдэд ЗӨСҮТ тарвага хууль бусаар агнасан, тээвэрлсэн, тарвага шалтгаангүй үхсэн зургаан дуудлага нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг болон Төв аймгийн Зуунмод сумаас хүлээн авч, голомтод халдваргүйжүүлэлт хийсэн байна. 


Тус төв энэ оны нэгдүгээр сараас хойш нийт 268 удаагийн дуудлагаар, 14 мянга 847 иргэнд эцсийн халдваргүйжүүлэлт хийж, 22 мянга 134  гар тээш, 388 тонн кг карго ачаа, 121 агаарын хөлөг, 446 тээврийн хэрэгсэл, 31 галт тэргийг ариутгажээ. Мөн ЗӨСҮТ энэ сарын 9-16 хооронд хандсан 821 иргэнд үйлчилж, таван онгоц, тусгаарлах байр хүртэл үйлчилсэн 39 тээврийн хэрэгсэлд ариутгал хийсэн байна. Сэжигтэй тохиолдол болон онош батлагдсан өвчтөний байрлаж байсан 920 метр.квадрат талбай бүхий 20 өрөөг халдваргүйжүүлжээ.

И.Даваадорж

Холбоотой мэдээ