Эрүүл мэндийн төвүүдийн боловсон хүчний бодлогод анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-05 20:57:14

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг сум болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийн боловсон хүчний бодлогод онцгой анхаарал хандуулж байна.

Эрүүл мэндийн төвийн залуу эмч нарыг тогтвортой ажиллуулах зорилгоор нэг сая төгрөгийн урамшууллын тогтолцоог нэвтрүүлж эхлэв. Сумдад мэргэжилтэй боловсон хүчин удаан хугацаагаар ажиллах сонирхол эрс багассан учир хүний нөөцийн бодлогыг ийнхүү эн тэргүүнд авч үзэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд эрүүл мэндийн төвүүдийн тоног төхөөрөмжийг шат дараатай шинэчилжээ. Эрүүл мэндийн төвүүдийн чадамж ийнхүү дээшилж байгаагийн үр дүнд БОЭТ-д үүсдэг ачаалал багассан судалгаа ч гарчээ. Мөн энэ жилээс улсаас онцгой анхаарч өрхийн эрүүл мэндийн төвийн төсвийг хоёр дахин нэмэгдүүлсэн. Үүнийг дагаад үйл ажиллагааны чанар ч мөн адил хоёр дахин нэмэгдэх ёстой гэсэн шаардлагыг аймгаас тавьж байна.  

Ташрамд дуулгахад, БОЭТ, хувийн хэвшил, ахмад эмч нартайгаа хамтран сүүлийн гурван жилийн турш 14 сум болон багийн иргэдэд жилд хоёр удаа эрүүл мэндийн явуулын үзлэг оношилгоог цогцоор хүргэн ажиллаж хэвшээд байгаа. Энэ жилээс хилийн заставуудад жилд нэг удаа хүрч ажиллахаар төлөвлөөд байгаа аж.

Холбоотой мэдээ