Кэрри Лам: Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсан нь “түүхэн алхам”

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-07-01 12:47:24

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. БНХАУ-ын парламент Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хуулийн төслийг баталсан нь “түүхэн алхам” бөгөөд чухал үйл явдал юм гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам мэдэгдлээ.


Тэрбээр ийм мэдэгдлийг Хонконг Британийн колоничлолоос гарч БНХАУ-ын харьяалалд шилжсэний 23 жилийн ойн арга хэмжээний үеэр хийжээ.


“Энэхүү хуулийн баримт бичиг нь тогтвортой байдлыг сэргээхэд шаардлагатай, цаг үеэ олсон түүхэн алхам юм" гэж Керри Лам Хонконгийн үзэсгэлэн, хурлын төвд болсон баярын хүлээн авалтын үеэр мэдэгдсэн байна.


Түүний хэлснээр, шинэ хууль нь “нэг улс-хоёр тогтолцоо” зарчмыг зөв голдиролд нь буцаан оруулна. Хууль эрх зүйн акт нь зөвхөн үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй цөөн тооны гэмт хэрэгтнүүдийн эсрэг чиглэгдсэн бөгөөд Хонконгийн дийлэнх оршин суугчдын “эрх ашиг, эрх чөлөөг хамгаалах зорилготой” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.


Өнгөрсөн он Хонконгийн хувьд олон сорилттой тулгарсан хамгийн хүнд жил байсныг Керри Лам дурдаад, бүрэн эрхийнхээ үлдсэн хоёр жилийн хугацаанд Хонконгийн эдийн засаг, тогтвортой байдал, олон улсын тавцан дахь нэр хүндийг сэргээхэд гол анхаарлаа хандуулан ажиллахаа амлав.


Шинэ хуулийн тухайд

БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ Байнгын хороо Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг мягмар гарагт баталсан билээ. Хонконгийн сөрөг хүчин болоод барууны орнуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан уг хуулийн төсөл мөн өдрийн орой хүчин төгөлдөр болжээ. Шинэ хууль нь салан тусгаарлах үзэл, терроризм, төрийн эрх мэдлийг булаах, Хятадын эсрэг гадаадын хүчнүүдтэй үгсэн хуйвалдах гэх зэрэг Хонконгийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж буй үйлдлээс урьдчилан сэргийлэх, ийм үйлдлийн төлөө хариуцлага ногдуулахад чиглэсэн байна. Түүнчлэн ноцтой зөрчил гаргасан этгээдийг бүх насаар нь хорих, БНХАУ-ын аюулгүй байдлын байгууллагыг Хонконгт байгуулах тухай заажээ. Шинэ хууль батлагдсанаар Хятадын эрх баригчид өнгөрсөн оны зургадугаар сараас 11 дүгээр сар хүртэл үймээн самуун дэгдээж, Хонконгийн эдийн засагт ихээхэн хохирол учруулсан хэт давруу үзэлтнүүдийн үйлдлийг таслан зогсоох боломжтой болно гэж үзэж байгаа юм.

Холбоотой мэдээ