Монголбанкны Эрдэнэсийн санд 45 нэрийн дурсгалын зоос худалдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-30 19:55:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс орон бүр түүхэн онцлог үйл явдалд зориулж зоос гаргадаг. Монгол Улс ч энэ жишгээр түүхэн тэмдэглэлт үйл явдалд зориулан, өвөрмөц загвартай, цөөн тоотой үнэт зоосыг гаргадаг бөгөөд эдгээр  нь зах зээлд эрэлт ихтэй байдаг аж.


Монгол Улсын банк Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан, нэг төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий алт, мөнгө, гууль, никель дурсгалын зоосыг 1971 онд анх гаргажээ. Үүнээс хойш, 1976-2020 оны онцгой үйл явдалд зориулан нийт 46 нэрийн алтан гулдмай, алтан зоос, алтаар бүрсэн мөнгөн зоос, мөнгөн зоос, мөнгөөр бүрсэн зэс зоосыг цутгуулан гаргажээ. Эдгээрээс Монголын хаад цуврал дахь “Хубилай хаан” хэмээх дурсгалын зоос нь дууссан тул одоо 45 нэрийн дурсгалын зоосыг худалдаж байна. Уг зоосыг Монголын зоос судлалын холбооны хүсэлтээр Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулан 2015 онд 2500 ширхгийг цутгуулан дотоодын зах зээлд гаргаж байжээ.


Дурсгалын зоосыг манай улсад үйлдвэрлэх тоног төхөөрөмж байхгүй учир Лихтенштайны хант улсад Монголбанкны зөвшөөрлөөр захиалж цутгуулдаг. Дунджаар 3-5 сар зарцуулдаг байна.  


Дурсгалын зоос нь сэдвийн хувьд, Монголын хаад, мянганы суут хүн, Монголбанкны ойн баяр, гадаад харилцаа хамтын ажиллагаа, спорт-олимпын медальт тамирчид, хүүхдийн сэдэвт, 12 жил, ховордож буй амьтад, монгол орны байгаль гэсэн 10 цуврал байдаг.


Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш сонгогдсон П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нарын дөрвөн ерөнхийлөгчийн хөргийг цутгуулан 2017 онд зах зээлд гаргажээ. 


Мөн 2008 оны олимпын медалийг эх орондоо авчирсан боксчин Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, сурын харваач Д.Баатаржав, буудлагын төрлөөр О.Гүндэгмаа, жудогоор Н.Түвшинбаяр нарын хөргийг цутган зах зээлд гаргасан. Дээр дурдсан зоос тус бүрийг 150 мянган төгрөгөөр худалдаж байна. Анхны олимпын медалийг 1968 онд авчирч байсан Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав, Т.Артаг, Ж.Мөнхбат нарын хөргийг цутгуулан 2018 онд гаргасан. Энэ дурсгалын зоос нь 300 мянган төгрөгний үнэтэй аж.


Монголбанкны цахим хуудсан дахь мэдээллээс үзэхэд, дурсгалын зоосны хамгийн бага үнэ нь 120-150 мянган төгрөг, хамгийн их нь 7 сая 700 мянган төгрөгийн үнэтэй Монголын хаад цувралын "Чингис хаан" алтан зоос юм. Мөн үүнээс ч үнэтэй зоос байдаг бөгөөд тухайлбал, 100 граммын алтан гулдмайн зоосыг авах хүнтэй нь ярилцаж үнийг нь тогтоодог байна.


Энэ онд 3 унцын 999 сорьцтой “Хот мандал” хэмээх алтаар бүрсэн мөнгөн зоос, 1 унцын 999 сорьцтой “Мажестик бүргэд” хэмээх мөнгөн зоосыг худалдаанд гаргажээ. Эдгээр шинэ зоос нь тус бүр 1.5 сая төгрөгөөр үнэлэгдэж байна.


Ташрамд дурдахад, дурсгалын нэг алтан гулдмай хэлбэртэй зоос нь 100 грамм, нэг алтан зоос нь 0,5-31,1 грамм, алтаар бүрсэн мөнгөн зоос нь 93,3 грамм, мөнгөн зоос нь 15,5-155,5 грамм, мөнгөөр бүрсэн зэс зоос нь 50 граммын жинтэй байдаг. Худалдаж буй үнэ нь тухайн металлаас шалтгаалан 250 мянган төгрөгөөс дээш, доош хэлбэлзэж байна.


Дурсгалын зоос авах сонирхолтой иргэд Монгол банкны Эрдэнэсийн сангаас биеэр болон онлайнаар авах боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус банкны  coin.mongolbank.mn сайтаас аваарай.


Б.Мандуул

Холбоотой мэдээ