УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-06-30 12:49:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурал /УИХ/-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр /2020 оны 06-р сарын 30/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн мэдүүллээ.


Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн: Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн: СЕХ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу зохион байгууллаа. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгуулж, нийт 35 мянга 772 төрийн албан хаагч ажилласан.

УБЕГ сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангалаа. Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст  халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх журмыг мөрдүүлж, хэрэгжилтийг нь хангах талаар УОК, ЭМЯ, ОБЕГ-тай хамтран ажиллалаа. Ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даан нэр дэвшигч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийлээ.

Энэ сарын 24-нд болсон санал хураалтад сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 2 сая 3 мянга 969 иргэнээс 1 сая 475 мянга 780 нь буюу сонгогчдын 73.6 хувь нь саналаа өглөө. Санал хураалт дууссаны дараа нийт 2070 хэсгийн хорооноос 846 хэсгийн хороонд буюу 41 хувьд нь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгээс зөрөөгүй байна. Мөн маргаан дагуулсан 12 тойргийн 164 хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг даалгаврын дагуу энэ сарын 27, 28-нд нэмэлт хяналтын тооллого явуулсан бөгөөд төхөөрөмжийн дүн саналын хуудасны тэмдэглэлтэй тохирсон. УИХ-ын энэ удаагийн сонгуульд МАН-аас 62, АН-аас 11, “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв хүн электорат” эвслээс 1, бие даан нэр дэвшигч 1 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Сонгогдсон гишүүдийн 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй байна. Сонгуулийн ерөнхий хороо энэ сарын 25-нд хуралдаж, 76 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргасан. Улмаар энэ сарын 29-нд УИХ-ын гишүүний үнэмлэх олголоо. СЕХ УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүн болон УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Танд өргөн мэдүүлж байна” гэв.


Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ