Д.Төрбат: Хувь хүний зөв суурь хүмүүжлийг тулааны тамирчин эзэмшдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-06-27 21:12:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын боксын холбооны Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга, “Ширэн бээлий” боксын клубийн дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Д.Төрбат, “SPS”  телевизийн  холимог тулааны тэмцээнийг тайлбарлаж,  үзэгч олны танил болсон билээ. Уншигч та бүхэнд Д.Төрбаттай хийсэн ярилцлагыг толилуулж байна.


-Анх боксын спорттой нөхөрлөсөн хүүхэд насаа дурссан уу?


-Би боксын  тэмцээнд санаандгүй орж билээ. Манай 6 дугаар 10 жилийн хөвгүүд бокс их тоглодог байсан. Тэр үед чинь Нямтүмэн, Оюунболд гээд  л боксоор хичээллэдэг хүүхдүүд байлаа. Би 1975 онд 9 дүгээр ангид байхад манай сургуулийн хөвгүүд тэр үеийн “Хоршоолол” /Урт цагаан дахь/ нийгэмлэгийн  аварга шалгаруулах тэмцээнд орсон.  Тэмцээн үзэхээр очсон чинь манай ангийн Төмөрхүлэг гэж барилддаг хүү энэ тэмцээнд орох байсан ч ирдэггүй. Би түүний оронд рингэнд гарах боллоо. Тэгээд л 3 өрсөлдөгчөө дараалж ялснаар анх удаа нийгэмлэгийн аварга болж билээ. Эндээс л миний амьдралд бокс орж ирсэн дээ.


-Анх боксоор хичээллэхдээ хэний шавь болж байв?


-Эхэндээ ч сонирхогч маягаар яваад л 1976 онд 10 жилээ төгссөн. Би 1975 оны залуучуудын улсын аврага болсон юм. Хоршоолол нийгэмлэгт 10 дугаар ангидаа  Ваясаа гэж багшаар заалгасан. Тэр жилээ Багшийн дээд сургуульд элсээд Ази тивийн хошой аварга Х.Алтанхуяг багшийн шавь болсон юм. За тэгээд залуучуудын улсын аварга, 1977 оны насанд хүрэгчдийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртчихсэн, ер нь эхний тэмцээнүүдэд би их амжилттай байж. Намайг багад ээж минь өнгөрч, аав 1974 онд бурхан болж амьдралын хатуу, ширүүн нугачааг бие, сэтгэлээрээ туулж хат суусан нь боксчин болоход нөлөөлсөн байх. Тэр үед манайх гэр хороололд амьдардаг, худгаас усаа авч, мод түлээ хөрөөдөж хагална, дүү нараа халамжилна гээд их л ажилтай хүүхэд байжээ. Хүнд хүчир ажил хийж өссөн болохоор үеийнхэн дотроо биеэрхүү хүүхэд байсан. Мөн гудамжны зодоон ч хийчихдэг, бас ангийнхаа хүүхдүүдийг хамгаалж, цөөнгүй нударга зөрүүлдэг байлаа. Ер нь гар шуундаа жаахан бядтай болохоор хэн нэгнийг цохиход унагаж л орхино. Ийм л хүүхэд байлаа.


-Улсын шигшээ багийн гишүүн болж мандуулж байгаад нэг хэсэг алга болсон байдаг, энэ тухай дурсвал?


-Намайг 1977-1980 онд улсын шигшээ багт авсан юм. Залуучуудын улсын аварга болж, хоёр ч түрүүлчихлээ. Олон улсын тэмцээний мөнгө, хүрэл медаль ч авлаа. Харин 1980 онд УБДС-д элсэж, анх хими биологийн ангид ороод, дотор нь сольж орос хэлний ангид нэг хэсэг сурч байгаад биеийн тамирын ангийг төгсөөд Өмнөговийн Цогтцэций суманд илгээлт авч биеийн тамирын багшаар очсо. Тэгээд сумын 10 жилийн сургуульд багшлаад 3 сар болж байтал, намайг улсын шигшээ багаас, ажил хаяж явлаа гэж дуудлаа. Тэгээд л хотод ирээд 1 дүгээр шигшээ багаас 2 дугаар шигшээ багт орж, бас давхар Хоршоолол нийгэмлэгт  дасгалжуулагч болсон. Тухайн үед Анагаас ухааны дээд сургуульд /АУДС/-д багш авна гэсэн зар гарсан юм. Тэгээд АУДС-ийн багш болохоор энэ сонгон шалгаруулалтад 10 хэдэн хүний хамт ордог юм байна. Гайгүй орос хэлтэй, багшийн дээдийг онц төгссөн, боксын спортын мастер болчихсон байсан болохоор намайг сонгож авсан юм билээ. Ингээд л АУДС-ийн биеийн тамирын багш болсон. Эндээс л би боксоос бага зэрэг хөндийрсөн. Тэгэхдээ би хот, УАШТ-д баг тамирчдаа удирдаад өөрөө хамт оролцдог байлаа. Харин бэлтгэл муу тэмцээнд орно гэдэг бас л дэмий юм гэдгийг тэр үед мэдэрсэн.




-Боксоор Анагаахаас баг бэлтгэж УАШТ-д хүч үзэж, цөөнгүй шавь төрүүлсэн байх шүү?


-Миний хувьд 1980-1990 онд УАШТ-ээс болон бусад тэмцээнээс дандаа л мөнгөн медаль авдаг байлаа. Ер нь медаль зулгаагаад байдаг ч яг түрүүлэх вариант байдаггүй. Тэгээд яахав, 10 жилийн сургуулиар явж, хүнд жингийн хүүхэд олох эрэлд гарч, 4-5 том биетэй шавьтай болсон. Энэ бол миний бодол, хүсэл юм даа. Монголдоо дунд болон хүнд жингийн сайн тамирчид төрүүлэх гэсэн хэрэг. Тэр үед бас том юм л сонирхож байж. Тэгэхэд Бандийн Алтангэрэл орж ирсэн юм.  Би тэр хэдэн хүүхдээ гайгүй болгож байтал армид яваад өгсөн дөө. Тэдний дотроос олон улсын хэмжээний мастер /ОУХМ/ Б.Алтангэрэл Ази тивийн аваргын болон Азийн наадмын мөнгөтэй, Монголын зууны шилдэг дунд жингийн боксчдын нэг болсон юм. Сонирхуулахад, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмч бас над дээр оюутан байхдаа боксоор хичээллэж байлаа. Би АУДС-д 1992 он хүртэл багшилсан. Тэр үед бокст орон, гаран явж тэмцээнд хааяа нэг ордог байв. Тэгж байгаад орос сургуульд багшаар очоод 3 жил ажилласан. Тэгээд яахав, зах зээл, нийгмийн шилжилтийн үед хувийн юм хийсэн дээ.


-Таныг боксчин байхад хамгийн техниктэй тамирчдын нэг гэдэг байсан. Энэ талаар юу хэлэх бол?


-Тухайн үед амьдрал хүнд байсан. Аав ээжгүй өссөн. Зөвхөн спорт хөөгөөд явбал өөр байх байсан магадгүй. Яахав, амьдралын эрхээ эгч, дүү нар, аж амьдралаа бодох шаардлага гарсан. Тэгээд л би тамирчнаас арай илүү зүйл хийе гэж шийдсэн. Би 2 дүүтэй, нэг эгчтэй хүн. Багадаа өнчин өссөн улсууд чинь бие биенээсээ салахгүй. Ингээд л  амьдралын бэрхшээлээр спортоо орхисон. За бас хүний амьдралын заяа төөрөг гэж байдаг байх. Х.Алтанхуяг багш 1979 оны спартакиадаар зодгоо тайлж надад өгсөн юм. За чи багшийнхаа амжилтыг давтаж, Ази тивийн аварга болно шүү. Бүр дэлхийн аварга болоорой гэж хэлсэн. Харин би ийм оргилд хүрч чадаагүй тааруухан нөхөр юм байгаа юм.




-Зах зээлд шилжээд нэг хэсэг боксоо орхиж байгаад, яагаад “Ширэн бээлий” клуб байгуулах болов?


-Энэ клубээ 2007 онд байгуулсан. Чи бид нарын үед спортыг амьдралын эрхээр л больсон доо. Спортдоо дуртай ч хараад л явж байв. Харин дотор нь ороод үзье гэхээр өөрийн гэсэн тамирчин байхгүй. Тэгээд л надад багш болж тамирчин бэлдэе гэсэн бодол төрсөн. Барсаа гэж нэг дошны багын найз маань, Төрөө чи клуб нээгээч, энд боксын заал хийхээр талбай байна гээд 2007 онд Баянзүрх захын захирал, багын найз Ш.Бат-Энхтэй уулзуулсан. Тэгээд ОУХМ Ш.Баярсайхан, Д.Хүдэрбаатар нарын хамт очиж уулзаад боксын клуб байгуулах талбайгаа цэвэрлэхээс эхэлж билээ. Склад маягтай уг талбайг заал болгож тохижуулахад Ш.Бат-Энх захирал их тусласан. Тэгээд л зааланд юу юу хэрэгтэйг захирлаараа авахуулж 2007 оноос шавь бэлтгэж эхэлсэн дээ. Өнгөрсөн 13 жилд шавь бэлтгэх ажил маань маш амжилт сайн явж ирлээ. Энэ жил гэхэд л 5 шавь маань Үндэсний I шигшээ багт орлоо. Нэг клубээс 5 гэдэг бахархмаар, хөдөлмөрийн үр шимийг нь хармаар байдаг шүү. Манай клубын баг тамирчид хот, улсын аварга, олон улсын тэмцээнээс их ч олон медаль авсан даа.


-Танай клуб зөвхөн бокс гэлтгүй тулааны тамирчид ч хичээллэж амжилт гаргадаг. Энэ талаараа сонирхуулна уу?


-Бид боксын клубээ байгуулахад кик боксчид ид гарч ирсэн үетэй давхцсан юм. Монголын кик боксын тамирчдын хувьд нэлээд амжилттай байгаа ч тухайн үед тэмцээн бараг болохгүй, бас дээр нь багшгүй, заал таннхимгүй болчихсон байв. Энэ үед кик боксын дэлхийн аварга Цогтын Амарбаясгалан, надтай уулзсан юм. Тэр Японоос ирээд, багшаа танай клуб дээр бэлтгэл хиймээр байна гэсэн. “Хар салхи” хочит Амарбаясгалантай хамт Бабуу Бямбадорж ирж билээ. Мөн дэлхийн аварга болсон Өлзийхутагийн Гантөмөр ирсэн. Ингээд л кик боксынхон манай клубт хичээллэж эхэлсэн. Кик боксоор уламжлаад, нөгөө талд нь жүдо бөх, каратэ суурьтай дэлхийн аварга “Чингисийн цавчилт” хочит тулаанч Жадамбын Нарантунгаатай бас холбогдсон. Ингэж л манай клубт кик бокс болон тулааны урлаг ороод ирлээ. Нэг үе K-1 /K ван/ гэж тулааны урлагийн тэмцээн их эрчтэй байсан. Одоо уг тулаан багассан. Энэ К ванд гавьяат Ж.Нарантунгаа хүч үзэж аварга болсон.  Энэ бүхнээс холимог тулаан Монголд асар хурдтай хөгжиж, олон хүүхэд залуусыг байлдан дагуулсан. Мөн манай клубт самбо, жүдо бөхийн ОУХМ Д.Мөнхбаясгалан орж ирлээ. Тэр залуу надтай уулзаад, багшаа би танайд бэлтгэл хийе гэсэн. Бид хамтдаа жил бэлтгэл хийлээ. Тэгээд Д.Мөнхбаясгалан насанд хүрэгчдийн боксын Монгол Улсын аварга болсон. Тэр самбо, жүдо бөхийн улсын аварга бол боксоор бас аварга болсон /88 кг/ юм. Их сайхан өв тэгш биетэй, хүчтэй бядтай мундаг залуу. Харин түүнээс C вирус илрээд цаашаа тулаанд орж чадаагүй. За тэгээд байлдааны самбо бөхийн дэлхийн хошой аварга  Б.Дамланпүрэв, Х.Амартүвшин, Б.Ядампүрэв, А.Амарсанаа, С.Билгүүн гэж мундаг залуус байна. Тэд холимог тулаанаар хүч үзэж гялалзсан амжилтын эзэд болсон. Энэ залуус тулалдсаар байгаад л 3-4 ялалт аваад UFC болон Америк руу холбоо тогтоож эхэлсэн. Тэр цагаас л манайд тулааны тамирчид цугларсан. Гэхдээ тулааны урлагт бокс суурь нь болж байлаа. Боксынхонд би гар тулааныг заахын зэрэгцээ тулааныхаа тамирчдад бас зааж өгнө. Харин манай тамирчид тэсвэр тэвчээрийн юмыг тэднээс авна. Бие биедээ харилцан хэрэгтэй туршлагаа солилцож ирснээр бокс ч, холимог тулаан ч улам гоё хөгжсөн. Сүүлийн үед Монголд их хөгжөөд байгаа холимог тулааны  NGL тэмцээнд хүч үзэх болсон Ө.Гантөмөр, Ж.Нарантунгаа нар Монголын шилдэг тулаанчдын холбоог байгуулсан. Энэ холбооноос тэмцээн зохион явуулахад манайхаас голлож тамирчин ордог. Одоо ч энэ талбарт манай “Ширэн бээлий”-гийн тамирчид давамгайлдаг. Тэд хүчээ сорин тулалдахаар гадагшаа гарч эхэллээ.


-Тулааны спортоор монголын хүүхэд, залуус хичээллэх их урам зоригийг сэргээж амжилт гаргасан анхдагч болсон дэлхий алдраа дуурсгасан тулаанчидтай танай клуб яах аргагүй холбоо, хамааралтай болжээ?


-Хилийн чанадад Монгол тамирчид нэр хүндийг өргөх анхны гарааг шилдэг тулаанч Ж.Нарантунгаа, Ц.Амарбаясгалан нар амжилтын гарааг эхлүүлж Дэлхийн аварга тамирчид болсон юм. Манай клубээс One championship-ийн ринг дээр манай 4 тулаанч ур чадвараа сорин тулалдахаар гэрээ байгууллаа. Ингээд манай клубт хичээллэгч хүүхэд залуусаас тулааны урлагаар бүхий л арга техникийг эзэмшсэн сайн тамирчид гарч эхлэхтэй зэрэгцээд л боксын тамирчдын ур чадвар ахиж тэднээс улсын шигшээ багт 5 хүүхэд дэвшиж очоод байгааг тулааны урлагууд бие биедээ харилцан илүү их боломж, туршлага, тэвчээр, хурд, хүч өгч байна гэж  боддог юм.


-Үндэсний шигшээ багт орсон “Ширэн бээлий”-гийн 5 шавь хэн хэн билээ?


Манай ОУХМ О.Бямба-Эрдэнэ, Б.Төгөлдөр, Г.Баярхүү, М.Мягмаржаргал, С.Осормаа гэж тамирчид байна. Тэдний амжилтаа улам ахиулах боломж өмнө нь нээлттэй байгаа. Тэднээс чамгүй сайхан баяртай мэдээг дуулгаж, амжилт гаргана гэдэгт итгэж байдаг.


-Та тулааны спортыг монголчууддаа таниулах үйлсэд оролцож телевизээр тайлбарлагч болсноо ярина уу?


-Миний хувьд 2015 оны үеэс л тулааны урлагийн төрөлд тайлбарлагч хийж эхэлсэн. Харин тулааны спортын Оne championship-т  З.Шинэчагтага гараад ирлээ, одоо шинээр А.Аюуш, А.Тэмүүлэн гээд 4 хүү энэ төрөлд хүч үзээд байгаа. Манай залуу тайлбарлагч У.Зоригт дүү нэг удаа Төрөө багшаа, би  UFC холбооны тэмцээнийг Монголд гаргах эрхийг авах гэж байгаа та тайлбарыг нь хийгээрэй гэсэн юм. Тухайн үед би итгээгүй. Бид арай гэж л UFC-ийн тэмцээнүүдийг зурагтаар үздэг байсан үе шүү дээ.  Харин тэр, жилийн дараа 2015 онд Монголдоо оруулаад ирсэн дээ.




-Тэгэхээр 2015 оноос тулааны спортыг тайлбарлажээ. Тайлбарлагчийн мэргэжлийн талаар юу хэлэх вэ?


-Тийм, Монголын телевизээр холимог тулаан гарч эхэлсэн үеэс л тайлбарлалаа. Бид шинэ тайлбарлагчдыг бэлдээд эхэлсэн. Миний хувьд бокс, тулааны урлагийн багш хүний хувьд тамирчны арга барил, сэтгэл зүй, онцлогийг танин мэдэх чамгүй туршлага хуримтлуулсан юм байна. Энэ л надад тайлбарлах суурь болж өгсөн. Тэгээд бас тулааны тамирчдын онцлог, тэдний амжилт, түүх, намтрыг байнга л судалж үзнэ. Тухайн тэмцээн бүрийг тайлбарлаж байгаа хүний хувьд морь шинждэг уяач хүн шиг болчихдог юм билээ. Би тайлбар хийж байхад хэлэх үг маань өөрийн эрхгүй л гараад ирдэг. Монгол залуус  мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд яаж дэлхийг байлдан дагуулах болов. Яг л түүн шиг холимог тулааны аварга тамирчид төрж байна. Өнөөдөр Н.Отгонбаатар /Dragon hause/, Ж.Нарантунгалаг /Оne championship / гээд холимог тулааны урлагийн олон холбооны аваргууд төрлөө, Казахстанд С.Билгүүн гэж монгол тамирчин бүсийн аварга боллоо. АНУ-д манай Батгэрэл тоглож байна. Х.Амартүвшин эхний ялалтаа байгуулсан. Монгол хүний биеийн онцлогт тохирсон тулааны спортыг хөгжүүлэх үйлсэд бид ийнхүү хамтдаа зүтгэж явна.


-“Ширэн бээлий” клуб байгуулагдаад олон жил болжээ. Дасгалжуулагч хүн тухайн хүүхдийг харж ажиглаад ямар төрлөөр хичээллэвэл амжилт гаргах боломжтой гэдэгт дүгнэлт, таамаглал байна биз?


-Манай клуб 2007 оноос үүсэн байгуулагдаад 10 гаруй жил болжээ. Энэ хугацаанд зөвхөн бокс төдийгүй тулааны спортын төрлөөр олон шилдэг тамирчдыг төрүүлж амжилт гаргах болсон маань үүнтэй шууд холбоотой гэж боддог. Тухайн хүүхдийг хурдан морины уяач шиг л таньж, шинждэг болчихдог юм билээ. Ер нь явцыг хараад, тийм болох боломжтой гэдгийг мэдэрдэг. Гэхдээ яг таг гэж болохгүй. Олимпын хүрэл медальт, Азийн тивийн хошой аварга, гавьяат тамирчин Намжилын Баярсайхан, Хоршоолол нийгэмлэгт хүүхэд байхдаа над дээр секцэд явж байлаа. Тэр залуучуудын улсын аваргаар нэг тийм хөшүүндүү хүүхэд байсан. Уйгагүй хөдөлмөр, зүтгэл бас хүнийг өөрчилдөг юм билээ. Үүний тод жишээ бол энэ тамирчин. За энэ хүүхэд болохгүй юм байна гээд бас хаяж болохгүй. Явцын дунд дутууг нь гүйцээгээд өгөхөд, задраад ирдэг хүн ч байдаг. Мөн үнэхээр авьяастай хүүхэд ч бас байна. З.Шинэчагтага бол багын хөдөлгөөнтэй хүүхэд байсан нь мэдрэгдэж байсан. Тэр сүүлийн 5 тоглолтын 4-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор дутуу гаргачихлаа. Бие бялдрын хувьд байгалиас заяасан төгс чанар байх шиг. Тиймээ, Шинэчагтага багаасаа л хөдөө өсч, ууланд мод бэлтгэх зэрэг хүнд хүчир ажил хийсэн юм билээ. Тэр байгалиас заяасан хүчирхэг бие бялдартай төдийгүй өөрөө бас сэргэлэн, авхаалж самбаатай, хурдан гүйлгээ ухаантай нь зодолдох тулалдах урлагт жаахан зүгширүүлээд өгөхөд л дийлдэшгүй тамирчин болсон хэрэг.



-Монголд тулааны спорт хөгжих боломжтой энэ үед танай клубын хувьд ирээдүйгээ яаж харж байна?


-Монгол Улс гэдэг нэрийн хажууд “Ширэн бээлий” клуб гээд зүүгдээстэй л явж байна. Гэхдээ олон улсын дэвжээн дээр “Ширэн бээлий” гэж гарахгүй, Монголын тамирчин гээд л зарлана. Монголын иргэд нь эрдэм мэдлэгтэй бас иртэй бяртай, зоригтой дайчин байж л эх орноо хамгаална, мандуулна. Ийм байлгах нь миний хүсэл, зорилго юм. Аав, ээж нар хүүхдээ ном их унш, миний хүү онц сур гэдэг. Харин үүнээс илүүтэй бие эрүүл чийрэг байж л ном уншина, мэдлэгтэй болно, улс орны эдийн засгаа сайжруулж, бэхжүүлнэ шүү дээ. Өнөөдөр бие бялдрын хувьд дутуу хөгжилтэй хүүхдүүд над дээр ирдэг. Сүүлийн үед ээж, аав нар багшаа, хүүгээ жаахан зоригтой болгоё, сэтгэлийн хаттай, хөдөлгөөний эвсэлтэй болгоё гээд л ирж байна. Энэ бол маш зөв хандлага гэж боддог. Ингэж байж л Монгол Улс эрүүл, чийрэг хүчирхэг, саруул оюун ухаантай иргэдтэй болно. Өнөөдөр харуул хамгаалалтын ажилтан гээд өөрөө даахгүй шахам буу, зэвсэг агсчихсан байдаг. Хүн бариад авах юм бол тэр өөрийгөө хамгаалж чадахгүй л юм байна гэж боддог. Тэгэхээр бие бялдраа хөгжүүлэх нь маш чухал. Цэрэг, арми нь оюун ухаан, бие бялдрын хувьд төгс эрчүүд, охидтой байх хэрэгтэй. Энэ хэрээр улс орон хөгжиж чадна гэж би хараад байдаг юм. Энэ бол “Ширэн бээлий” клубын гол зорилго. Тиймээс тамирчин болохыг нь тамирчин, зоригтой болгох хүүхдийг зоригтой, уян хатан болох гэснийг нь уян хатан болгохыг зорьж байна.


-Өнгөрсөн хугацаанд “Ширэн бээлий” клубээр хэчнээн хүүхэд дамжсан бол?


-Жилд мянга гаруй хүүхэд ордог юм. Манай клубт ороод зарим нь 10 хоноод, эсвэл 1 сар, хэдэн сар болоод гараад явах нь ч бий. Бүр зарим нь шантраад хаяад явчихдаг юм. Манай клуб 13 жил болоход 12 мянга гаруй хүүхэд орж, гарсан байдаг. Тэднээс бас зарим нь том том амжилтууд ч гаргажээ. Мөн эндээс тулаан гэж юу байдгийг хараад, биеэр мэдрээд, өөр ямар нэгэн мэргэжлээр амжилт гаргаад яваа залуус ч бий.


-Энэ клубээс амьдралын гараагаа эхэлж амжилттай яваа залуусын талаар сонирхуулна уу?   


-Над дээр бие бялдраа сайжруулах зорилгоор нэг хүүг аав нь авчирч өгсөн. М.Үүлэн гэж тийм үлбэгэр, унжийсан биетэй хөвгүүн байсан. Тэгээд хэдэн сар хичээллээд сайхан бие галбиртай болж ирсэн. Тайвань руу сургуульд явлаа. Тэнд очоод Тайванийн Их сургуулиудын аварга болдог юм байна. Хятадын сандо боксоор хичээллээд, гартаа бяртай юм болохоор тэмцээнд түрүүлсэн гэж байгаа. Тэр өөрийн давуу талаа хөгжүүлснээр сургуулийн аварга, улмаар хотын аварга,  улсын аварга болсноор, тэр 5000 ам.долларын өртөгтэй сургуульдаа дараа жилээс нь тэтгэлэгт хамрагдаж үнэгүй сурах болсон нь “Ширэн бээлии” клубт хичээллэсний ач тус гэж аав нь бүр онцлон хэлж байж билээ.  Бас Их Монгол гээд залуу Сингапурт сурч байхдаа  сургуулийнхаа аварга болоод тэтгэлэгт хамрагдсан байдаг. Мөн зарим нь спортын өөр төрлийн тэмцээнд орж амжилт гаргах нь ч байдаг, бас оюутны зөвлөлийн дарга болсон хүүхэд ч бий. Хамгийн сүүлд 14 настай Д.Буяаа гэж хүү байна. Тэр их том биетэй 100 кг давсан жинтэй хүүхэд байсан. Манай клубт 2 жил бэлтгэл хийгээд 90 гаруй кг болж жин буурсан. Тэр огт гүйж чаддаггүй байсан бол гүйх болсон төдийгүй барилдаж эхэлсэн. Аав, ээж нь түүнийг цэргийн сургуульд явуулсан юм. Харин тэнд очоод ноцолдож эхэлжээ. Том биетэй хүн чинь өрсөлдөгч нараа дор нь нухаад хаячихсан байна. Тэгээд л мань хүн өөрийгөө таньж, мэдэх школоо тавиад эхэлсэн хэрэг. Хүн спортыг, спорт талаас нь хараад биеийн тамир гэж л хардаг. Харин цаана нь сэтгэлийн хат, хувь хүний үзэл бодол төлөвших, амьдралыг өөр өнцгөөс харах гээд олон зүйлд суралцаж, мэдэрч хүмүүждэг гэдгийг тэр бүр хүмүүс ойлгодоггүй.


-Та Монголын боксын холбооны дасгалжуулагчдын зөвлөлийн даргын алба хашдаг. Манай дасгалжуулагч нар ямар түвшинд хүрсэн гэж бодож байна?


-Манайд мэргэжлийн сургууль төгсөөгүй дасгалжуулагчид ч бий. Гэхдээ тэд бүгд нэг юмандаа тууштай, их үнэнч, хичээнгүй ажилладаг гэж хэлнэ. Тэдний гараас мундаг хүүхдүүд гарч байгаа. Одоо олимп, дэлхийн аваргуудыг төрүүлээд эхэлсэн. Ер нь манай багш нарын ажлын үр дүн, амжилт нийслэлд төдийгүй хөдөө, орон нутагт жигдхэн хөгжиж байгаа учраас боксын спорт амжилтаар дүүрэн байна. Өнөө үеийнхэн тулааны спортоор хүн эрүүлжиж чийрэгжих, бас өөрийгөө хамгаалах гээд их хичээлэдэг болжээ. Үүнд хөдөө орон нутагт ажиллаж байгаа манай багш нарын нөлөө их байна. Олон улсын боксын холбоо /АИБА/-нд 3 одын зэрэглэлтэй гурван багш бий. Харин 2 одтой зургаан багш, 1 одтой 10 гаруй багш бий. Монголын боксын холбоо мундаг ажиллаж байгаа. Манай багш болон шүүгчид гадаадад нэр хүндтэй.  Харин манайх эдийн засаг болон заал танхимаар гологдож магадгүй. Харин мэдлэг, мэргэжлийн хувьд бид гологдохгүй гэж боддог. Би багш нартаа гадаад хэл сайн сур гэдэг. Бидний насныхан орос хэлэнд гайгүй байдаг. Өнөө үед хэн ч суръя гэж хүсвэл, интернэтээс татаад сурч болж байна. Бид өмнө нь нэг л стиллээр үздэг байж, харин одоо тамирчин бүрийн онцлогт тааруулах болж. Хурдтай бол хурд дээр нь, хүчтэй бол хүчинд нь тулгуурлах хэрэгтэй. Би тухайн тамирчны бие бялдрын онцлогт нь таарсан юмыг л хийлгэдэг. Жишээ нь манай гайхалтай техник, ур чадвартай шилдэг тамирчин асан Нэргүйн Энхбат шууд л битүү очоод зодолдох гэвэл нэг өөр шүү дээ. Хүн болгонд л онцлог, өөр өөр тактик, арга барил байдаг. Тэгээд яахав багш нарт би энэ талаар онцлон ярьдаг юм.




-Манай боксынхон Токиогийн олимпын наадмаас хэдэн эрх авах боломж байна?


-Олимп нэг жилээр хойшиллоо. Манай клубээс шигшээд орсон 5 тамирчнаас олимпын эрх авчих тамирчин байгаа гэж боддог. Ер нь манай тамирчид бэлтгэл сургуулилтаа сайн базааж эрхийн төлөөх тэмцээнээс авсан нэг эрхээ нэмэх боломж бүрэн байгаа.


-“Ковид 19” цар тахлын улмаас бэлтгэл сургуулилт хумигдаж, тэмцээн зогсчихоод байгаа. Энэ талаар та юу хэлэх бол?


-Хорио тогтоосон энэ цаг үед бид олноороо бэлтгэл хийж болохгүй байгаа. Багш нар яг өөрсдийн шавь нартайгаа тулж ажиллах боломж бол байна. Тэгэхээр л нөгөө хүний онцлог дээр тулж ажиллах шаардлагатай. Үндсэн багш нар нь дагалдаж ажиллавал гэж боддог. Тамирчдад даалгавар өгөөд тус тусын гүйцэтгэлийг нь шалгах хэрэгтэй. Гэхдээ тамирчин хүнд өөрийн хичээл зүтгэл хамгийн чухал. Хийхгүй байх юм бол хоцрогдоно. Одоо үед боксчны стилл өөрчлөгдөж тулаан бүр өөр байх болжээ. Өнөөдөр комьпютер гаргаж ирээд тактик боловсруулж байна. Тэгээд огт  танихгүй мэт янз янзын стиллээр тулалд гэсэн зөвлөгөөг өгөх болсон. Миний хувьд манай тамирчид дахиад олимпын эрх авна гэдэгт итгэж байгаа. Харин өнөөдөр нийгмээ дагаад тамирчны сэтгэл зүй, сэтгэхүй хэтэрхий илэн далангүй болж, задгайраад байх шиг. Иймд хатуу сахилга бат, дэг журам хэрэгтэй байна. Олимпод сойхдоо, заавал олимп, дэлхийн аваргын медальтанг гэлтгүй гол нь бодит амжилт, зүтгэл, ур чадварыг шударга үнэлэх ёстой гэж боддог.


-Клуб өөрийн санхүүтэй байж гишүүдээс төлбөр авах ёстой. Танай клуб энэ талаар ямар зарчим баримталж ирэв?


-Ер нь хүнд шүү. Аливаа ажил эдийн засагтай байж л урагшлах болохоор энэ талаар их бодноо. Манай клубыг Ш.Бат-Энх захирал эхлэлийг нь тавьж, хангаж өгсөн. Түүнээс цааш бид 3 юмаа хийдэг байлаа. Яахав клубт хүүхэд ороход хэдэн төгрөг аваад цэвэрлэгээний материал авчихна. Ингэж л урд, хойдохоо нөхөж явсаар 10 хэдэн жил болжээ. Бид шаардлагатай бол захирлаас хэдэн төгрөг авнаа. Сүүлдээ үргэлж мөнгө аваад байх ичмээр. Тэр өөрөө ажил хөдөлмөр хийж мөнгө олж байгаа хүн шүү дээ. Зарим үед найз нөхдөөс ч авна. Тэгж байж л тамирчдаа гадагшаа тэмцээнд явуулна. Сүүлийн үед би бодож байгаа. Барилгын компанийн хэдэн найзтайгаа том компанийн ажлыг хийж өгье гэсэн санал тавья гэж . Ганц нэг орцны гэрэл цахилгаан ч юм уу, дотоод заслыг нь хийе гэж бодож байна. Одоо энэ хорио цээр тогтоочихлоо бүр л хэцүү болсон. За миний хувьд клубын нэрийг гаргаад улс, хот, олон улсын тэмцээнд оролцдог тамирчдаас мөнгө төгрөг авдаггүй. Манайд хичээллэдэг 50-иад хүүхдээс 10-аад нь төлбөр төлж байх жишээтэй. Бид чинь буяны байгууллага  шиг л явж ирсэн. Өөрсдөө дуртай юм даа. Байхгүй, чадахгүй хэлэлгүй өнөөдрийг хүрлээ. Зарим хүүхэд яахав мөнгө өгдөг юм. Багшаа аавын цалин буусан гээд л 20 мянган төгрөг май гээд нэг сар өгнө, хоёр сар өгнө. Тэгээд дараа сараас нь аавын цалин буусангүй гээд л дуусна даа.


-Төрөөс клубыг ингэж удирдаж, санхүү төсвийн асуудлаа ингэж шийднэ гэсэн журам байдаг биз дээ?


-Манайх чинь албан ёсны “Ширэн бээлий” гэдэг нэртэй явдаг болохоос тодорхой дэмжлэг авдаг гэдгийг мэддэггүй явжээ, тэр талаар бүртгэлгүй л байсан юм билээ. Үүнийг саяхнаас л мэдсэн. Би энэ нүхнээсээ гарахгүй болохоор тэр шүү дээ. Сайн дурын уран сайханч гэдэг шиг нэг клуб байгуулаад л яваад байдаг. Ер нь улс орнууд спорын клубүүддээ санхүүгийн дэмжлэг өгдөг. Энэ жишгээр харж үзэх байлгүй дээ гэж боддог.


-Коронавирусний халдварын улмаас хүмүүсийн биеийн тамир, спортоор хичээллэх нь эрс хумигдлаа. Энэ талаар та юу хэлэх бол?


-Энэ халдварт өвчний улмаас хүмүүс олноор цуглаж дасгал, хөдөлгөөн хийж болохгүй байгаа. Дасгалыг олуулаа хийхээс өөр аргагүй ч,  дөрөв таваараа тал талд юм хийж болно. Хөдөлгөөн хоригдсоноор улам л хүний эсэргүүцэл муудна, дархлаа суларна. Интернэтээр сурна гээд байгаа, монголчууд заавал хүн харж, хэлүүлж байж хийдэг байхгүй юу. Гэртээ төхөөрөмж авчихсан зөндөө хүмүүс байдаг. Төрөө багш төхөөрөмж аваач. Яасан, гэхээр сар бужигнаад, сүүлдээ тавих газаргүй, энийг аваач зай эзлээд байна гэнэ. Тэгэхээр манайд онлайн сургалтад тамирчин өөрөө хичээхгүй бол хэцүү. Тухайн тамирчны байр, гэр бас унд хоол нь юу билээ. Тиймээс одоо би энэ хагас, бүтэн сайнд цөөн хүүхэдтэй сургуулилтаа хийе гэж бодоод байгаа. Хүүхдүүдийн ээж, аав над руу зөндөө ярьж байна. Одоо хүмүүсийн зовхины доод тал хөхрөөд байгаа нь агаарын дутагдалд орсон хэрэг. Гадуур явахдаа ч маск зүүгээд, дотор ч маск зүүсээр агаар их дутагдах боллоо. Нэг л өдөр унана шүү. Цусан дахь хүчилтөрөгч багассан гэсэн үг.


-Тулааны спортыг тайлбарлагч хийнэ гэдэг тийм амар ажил биш. Үзэгчид өөр өөр түвшнээс харж мэдэрдэг болохоор өргөн мэдлэг, мэдрэмж шаарддаг. Та хэр мэргэшиж байна вэ?


-Тийм шүү. Би дараагийн 7 хоногт тоглох тамирчдаа урьдчилан судална. Энэ тамирчин хэдэн оны тамирчин, хаана тоглож, хэнтэй таарч байв, голдуу ямар мэх хэрэглэдэг, өшиглөдөг үү, цохидог уу, өчиж, боодог уу? Тэр бүхнээс дүгнэлт, эргэцүүлэл гаргаж байж тайлбар хийдэг. Яг тулааны ерөнхий явцыг танилцууна. Англи хэлээр тайлбар явдаг болохоор орчуулагч  бас орчуулна. Ингэж байж үзэгчдэд хүрнэ. Холимог тулааныг дүрэмгүй зодоон гэдэг ч хамгийн чанд  дүрэмтэй тулаан юм. Мэргэжлийн тамирчид жижиг бээлийгээр тийм хүчтэй цохино, тийм хүчээр өшиглөнө гэдэг үнэхээр эрсдэлтэй. Тэрийг даваад гарна гэдэг ямар мундаг эрүүл мэнд вэ? Тийм эрүүл, чийрэг болохын тулд залуус холимог тулаан, боксоор хичээллэхийг сонирхоод байгаа юм. Хүний биед дархлааны системээс гадна хамгаалалтын рэфлэкс гэж байна. Бокс тоглодог хүнийг нэг цохиход босоод л ирнэ. Харин тоглодоггүй хүн бол нам унана. Харин хэн ч байсан ардаас нь цохивол хамгаалалтын рэфлекс хараагүйгээс нам унадаг. Боксчин хүн хамгаалалтын рефлексыг сайн сурсан учраас хүчтэй цохиход унадаггүй.  Биеэ маш сайн хамгаалж чаддаг. Ингэхээр холимог тулааны спорт маш чанд дүрэмтэй. Цохихгүй газар байна. Хойд ар нуруу, эмзэг эрхтэн, толгойн ар руу цохих хориотой. Тайлбарлагч тухайн тамирчинг илүү дутуугүй, нэмэр хачиргүй тайлбарлах ёстой. Тулаанчдын хэн нэгнийх нь талд сэтгэл хөдлөлөөр орж тайлбарлаж болохгүй. Сонирхогчид үүнийг илүүтэй сайн мэдэрдэг.




-Тулааны спорт сонирхогч хүүхэд залуус таныг сайн мэдэх болжээ. Энэ тухай юу хэлэх вэ?


-Өнөөгийн хүүхэд залуучуууд холимог тулааныг сайн мэддэг болчихсон байна. Би нэг удаа Сөүлийн олимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Энхбаттай хамт тайлбарлалаа. Өнөөгийн хүүхэд, залуус Төрөө багш гээд намайг таниад, гавьяатыг сайн мэдэхгүй байх жишээтэй. Тэгэхээр нэн шинэ үеийнхэн холимог тулааныг их сонирхдог болсныг харуулж байна. Ер нь тулааны гэлтгүй аливаа спорт цагийг маш нарийн барьдаг. Бас үг дуулж сурна. Усны үнэ цэнийг мэдэрдэг болно. Жингээ хасч үзсэн хүний хувьд балга ус уухад ямар гоё амттай байдгийг чи мэднэ дээ. Тамирчин хүн усаа бүү асга, цаг бол алт, тэмцээн, тулааны сүүлийн 30 секунд гэдэг ямар урт гэдгийг бие, сэтгэлээр мэдэрдэг. Хувь хүний ёс суртахууны зөв суурь хүмүүжлийг тулааны тамирчин олж авдаг, эзэмшдэг. Би хувьдаа тулааны спорт бол маш агуу урлаг гэж боддог юм.


Шинээр тулааны спортыг тайлбарладаг залуус гарч ирж байгаа юу?


Д.Хүрэлбадарч гээд залуу бий, өөрөө бас багш байсан. Ер нь англи хэл мэддэг, багш хүн тайлбарлагч хийх боломж нээлттэй. Би Хүрэлбадарчид тулааны бэлтгэл хийлгэж байгаа. Цохиход яахав, өчихөд яах юм гээд бодит байдлыг биеэр мэдрүүлнэ гэдэг чухал. Бас хий хоосон уран ярьчихдаг хүн байдаг. Хамгийн гол нь тулааныг дотроос нь харж ярих ёстой. Тайлбар хийж байгаа нөхөр том бүдүүн хөлтэй ч юм уу, биеийн галбир тааруухан байж болохгүй. Тайлбарлагч хүмүүсийг татах дүр төрх, бие галбиртай, чанга, тод дуу хоолойтой байх ёстой гэж боддог.




-Та бокс болон тулааны спорттой 50 шахам жил хамт явжээ. Эргээд харахад юу бодогдож байна?


-Өнөөгийн тулаанч залуус өмнөх үе, ах захаа сайхан хүндэлж явж бай гэж хэлмээр санагддаг. Энэ бол тулаанч хүний эрхэм чанар байх ёстой. Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр ахмад тамирчид ирчихсэн байдаг. Тэднийг энэ үеийнхэн танихгүй байж болно. Харин тэмцээн зохион байгуулагчид спортоо сурталчилж хөгжүүлэхийг боддог бол тэднийг сурталчилж таниулснаар өнөө үеийнхэн тэднээр бахархаж үлгэр жишээ авна шүү дээ. Ахмадууд ч баярлана, тэд үгээ хэлж зөвлөнө гэж би боддог. Нэг жишээ дурдахад, боксын ОУХМ Ч.Цэнд-Аюуш гэж ахмад тамирчинг би нэг удаа УАШТ үзэхээр ирчихсэн байхаар нь Боксын холбооныхоо ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасанд, энэ хүнээр медаль гардуулуулъя гэж хэлсэн. Цэнд-Аюуш гуай, тамирчинд медаль зүүчихээд өөрөө авсан мэт баярлаж, Төрөө би ингэнэ гэж огт бодоогүй. Ямар гоё юм бэ? гэж билээ. Энэ бол ахмад хүнд маш гоё бэлэг. Түүнийг ач зээ нар нь телевизээр харж байгаа. Миний өвөө боксчин, улсын аварга байж гэж бахархана. Ингэж л хойч үедээ таниулж, хүмүүжүүлдэг байх хэрэгтэй. Манай холбооны залгамж чанар болсон хамгийн үнэт зүйл энэ гэж боддог. Бид бүхэн өмнөх үеэ хүндэлж, ахмад хүний үгийг сонсож, хүнлэг ёсоо дээдэлж байж өсч хөгждөг жамтай.


                                                                                                                                                                             Б.Содгэрэл

 

 

 

Холбоотой мэдээ