Үерийн улмаас орон гэргүй болсон Зуунмод сумын 5 иргэнд гэр олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-26 22:09:06

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд энэ сарын 19-нд усархаг аадар бороо орсны улмаас үерийн гамшигт орон гэргүй болсон тус сумын Нацагдорж, Зүүндэлгэр багийн 5 иргэнд “Түшиг, говь хангай” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өргөө цагаан гэр олголоо. 

Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зуунмод сумын удирдлагууд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хамт олон, “Түшиг говь хангай” ХХК-ийн хамт олон, иргэд оролцлоо. 

Энэ үеэр аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Халамжийн хэлтсээс тус иргэдэд гурил, будаа зэрэг хүнсний тусламж үзүүлсэн юм. 

Гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд яаралтай буцалтгүй тусламж үзүүлэх тухай аймгийн Онцгой комиссоос хүргүүлсэн саналыг үндэслэн Улсын Онцгой комиссоос эхний ээлжинд 48 өрхөд таван ханатай иж бүрэн гэр олгох асуудлыг шийдвэрлэсэн билээ. Тун удахгүй эдгээр өрхөд гэрийг нь гардуулж өгнө гэдгээ УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Улсын Онцгой комиссын дэд дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ онцоллоо.

Холбоотой мэдээ