С.Наранцэцэг: Нийгмийг сайхан болгох боломж нь бидний хийх сонголт юм

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-06-24 19:56:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн энэ өдөр 18 нас хүрсэн 130 залуу анх удаагаа сонгуульд оролцон саналаа өгч байна.



Тэдний нэг Б.Даваажаргалтай уулзвал, "Анх удаагаа сонгууль өглөө. Өмнө нь надад сонгууль жаахан маргаантай болоод байгаа юм шиг санагддаг байсан. Энэ жилийн сонгууль их сонирхолтой болж байна. Өнгөрсөн 4 жилд эрх барьж байсан төр, засаг үр бүтээлтэй ажилласан. Өвчин, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан сонгуулийг их ач холбогдолтой болж байна гэж үзэж байна. Анх удаа саналаа өгч байгаа болохоор сонголт хийхийн өмнө 100 хувь гүйцэд мэдээлэл авч чаддаггүй юм байна. 40-50 хувийн багцаагаар өгдөг юм байна. Миний хувьд, эдийн засагч мэргэжилтэй хүмүүсийг дэмжиж сонголоо. 

Энэ нь Монгол Улсад, иргэдийн амьдралд илүү ашигтай шийдвэр гаргах чадамжтай гэж үзсэн. Үеийн залуустаа сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна. Учир нь, энэ бол их чухал, ганц өдрийн үйл явдал төдий биш урт хугацаанд бидний амьдралд нөлөөлөх үр дүнг бодох ёстой гэж би бодож байна" гэсэн юм. 


Мөн энэ үеэр иргэн Г.Цэрэнбалын байр суурийг сонсвол, "Миний хувьд хүнээ л харж сонгоё гэж бодсон. Улс орныхоо ирээдүйг бодож, зөв хуулийг баталдаг хүн байгаасай гэсэн үүднээс сонголтоо хийсэн. Залуучууддаа хандаад хариуцлагатай сонголт хийгээрэй гэж уриалъя" гэв. 


УИХ-ын сонгуульд 4 дэх удаагаа оролцон саналаа өгч буй иргэн С.Бат-Ирээдүй хэлэхдээ, "Сонгуулийг ерөнхийдөө иргэн хүн Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж, 4 жилд нэг удаа төрийн эрхийг барих төлөөлөгчдийг сонгох, өөрсдийн дуу хоолойг хүргэх боломж гэж боддог. 


Ерөнхийдөө сонголт хийхэд хэцүү байлаа. Нам дагасан засаглал биш хүн дагасан сонголт хийвэл залуучууд бидэнд хэрэгтэй. Улс орныхоо төлөө юм хийх чадвартай, нэр цэвэр, эх орныхоо төлөө олон жил дуугарсан тууштай хүмүүсийг харж сонголоо. Залуучуудын хувьд сонгогчдын ирц бага, ач холбогдол өгдөггүй нь сонгуулийн үеэр ажиглагддаг. Бидний үеийнхэн тэмцээд эхэлсэн байна. Одоо та нарын үе хүч түрэн орж ирэх хэрэгтэй. Тиймээс Z үеийн залуусаа эх орныхоо төлөө тэмцэж саналаа өгөөрэй гэж хэлье" гэв. 


Иргэн С.Наранцэцэг, "Нийгмийг сайхан болгох боломж нь бидний хийх сонголт юм. Тиймээс ямар нэгэн шуналын сэдэлгүй, хар буруу санаагүй, төрд гарвал өөрийнх нь амьдрал дээшлэх юм байна гэхээс илүү ард түмэн маань өнгө зүстэй, сайхан байгаасай гэж боддог хүн байгаасай гэж хүссэн. Аль нам эвсэл, бие даасан байх эсэх нь хамаагүй. Эх орныхоо төлөө ихийг хийх, нүдэнд харагдаж гарт баригдах юм хийгээд байвал амьдрал сайхан болно гэсэн итгэл сэтгэлээр сонголтоо хийсэн. 

Залуучууд маань монгол хүн болж төрсөн гавьяагаа зөв эдлээсэй. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой, хүн бүр өөрийн оролцоог хүргээрэй. Монгол Улсын ирээдүй, сайн сайхан бүхэн үе үеийн сонголт, сонгуулийн үр дүнгээс шалтгаалдаг. Энэ сайхан нэр төртэй ажилдаа идэвхтэй байгаарай. Гэртээ суулгүй, иргэнийхээ үүргийг биелүүлээсэй гэж боддог. Нэр дэвшиж буй хүмүүс, намуудын үйл ажиллагаа нэр цэвэр байх ёстой. Ямар нэг алдаа эндэгдэлгүй, хувийн эрх ашгийг биш улсынхаа, нийгэм хүн ардынхаа эрх ашгийг нэн түрүүнд тавьсан мэргэн сонголтыг хийгээсэй гэж хүн бүр хүсэж байгаа" гэв.


С.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал, Т.Чимгээ


Холбоотой мэдээ