Үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-06-23 17:42:01
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн УЦУОШТ-өөс гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Тодруулбал, өнөө шөнө буюу зургадугаар сарын 23-24-нд шилжих шөнө болон 24-ний өдөр тус аймгийн ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох ба салхилах төлөвтэй байгаа ажээ.

Дундговь аймгийн нутгаар энэ жилийн хаваржилт хуурайшилт ихтэй, мал аж ахуйд ихээхэн хүндрэл, бэрхшээл дагуулж зуны эхэн сартай золгосон. Гэхдээ зуншлага одоо ч сайжраагүй байгаа бөгөөд өмнө ховорхон тохиолддог байгалийн гамшигт үзэгдэл хэд хэдэн удаа тохиосон.

Зургадугаар сар гарсаар 11 хоногийн зайтай нөөлөг салхи буюу “угалз”  хоёр удаа дэгдэж, малчид малаа алдах, машины цонхны шил хагарах, гэр нурах зэрэг аюул дагуулсан бол 21-ний өдөр аймгийн хойд сумдаар болон Төв аймгийн нутагт орсон хүчтэй аадар борооны улмаас нэг хүн эндэж, 3700 гаруй мал үерт үйсэн аюулт үзэгдэл болж өнгөрсөн.

Говийн бүс нутгийн хөрс хатуулаг ихтэй, чулуулагтай байдаг тул хүчтэй аадар борооны улмаас уруйн үер болох өндөр эрсдэлтэй байдаг ба иргэд гэр орон сууцныхаа аюулгүй байдлыг хангаж,  үерийн аюулаас болгоомжлохыг аймгийн ОБГ-аас мөн анхааруулж байна. 

Холбоотой мэдээ