“Зууны 100 эмэгтэй” номын нээлт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зууны 100 эмэгтэй” I боть номын нээлт “Аз хур” номын дэлгүүрт өнөөдөр боллоо. Номыг “Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” ТББ “Зууны 100 эмэгтэй” төслийн хүрээнд бүтээжээ.
Эхний боть номд 1921-1971 оны хоорон дахь Монголын алдартай, манлай 50 эмэгтэйг 100 women.mn сайтаар дамжуулан олон нийтийн санал асуулгаар шалгаруулжээ. Энэ талаар “Даян дэлхийн монгол эмэгтэйчүүд хамтдаа” ТББ-ын тэргүүн, төслийн санаачлан хэрэгжүүлэгч Д.Энхжаргал хэлэхдээ, “Төслийг бид Монгол Улсын түүхэн хөгжил, цэцэглэлтэд бодит хувь нэмэр оруулсан бахархалт эмэгтэйчүүдийг залуу хойч үедээ таниулах, нийгэмдээ алдаршуулах, тэднээрээ бахархах зорилгоор санаачилсан. Залуу үеийн охид эх орныхоо бахархалт эмэгтэйчүүдээсээ суралцаж, тэднээс илүү их зүйлийг бүтээж түүхэндээ, номондоо үлдээсэй” гэсэн юм.
Номын хоёрдугаар ботид 1971 оноос хойш жилүүдийн онцлох эмэгтэйчүүдийг багтаах аж. Номын нээлтэд УИХ-ын гишүүн асан, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, "Гал голомт" хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Төрийн шагналт, Ардын жүжигчин, ХХ зууны манлай циркийн жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу, Хөдөлмөрийн баатар Б.Гүнжинлхам нарын алдартай эмэгтэйчүүд оролцлоо.
С.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ