Монгол Улс 2019 онд хууль эрх зүйн салбарт хэд, хэдэн өөрчлөлт хийжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбоо 2 хоногийн өмнө дэлхийн улс орнууд дахь ардчилал, хүний эрхийн үзүүлэлт ямар түвшинд байгаа тайланг олон нийтэд танилцуулжээ.
Тус тайланд дурдсанаар, Монгол Улс 2019 онд ардчиллын 30 жилийн ой дээр хууль эрх зүйн салбарт хэд хэдэн өөрчлөлт хийжээ.
Тодруулбал, 2019 оны 11 дүгээр сард Монгол Улс нь Үндсэн хуульдаа
нэмэлт өөрчлөлт оруулав. Мөн
монголчууд бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт цаазын ял оноох асуудлыг
2019 оны туршид ярьж, мэтгэлцээн өрнүүлсэн. Уг саналыг 2018 оны Монгол Улсын
Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан. Хүүхдэд хэрцгий, балмад байдлаар хандах
асуудал Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал. Энэ үйлдэлд цаазын ял оноох нь
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний болон улс төрийн эрхийн пакттай
зөрчилдөж байгаа ажээ.
Монгол Улс нь ардчиллын
тогтолцоо болон хүний эрхийг хамгаалах зэрэг маш чухал асуудлыг хууль эрх зүйн
орчныг нь шинэчлэх замаар шийдэх ёстой гэдэг байр сууриа хадгалж чадсан.
Европын холбооны тайланд тусгагдсанаар, Монгол Улсын шүүх засаглалын хараат бус байдал 2019 онд тодорхойгүй байдалд байжээ.
Тодруулбал, 2019 оны 3 дугаар
сард УИХ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүн болон
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар Шүүгч, АТГ-ын удирдлага болон
Ерөнхий прокурорыг солив. Энэ асуудлаар 2019 оны 5 дугаар сард НҮБ-ын хүний
эрхийн хамгаалагч тусгай элч болон НҮБ-ын шүүх, өмгөөлөгч нарын хараат бус
байдлыг хангах тусгай элч санаа зовниж буйгаа илэрхийлэн хамтарсан захидал гаргаж
байв.
НҮБ-ын хүний эрхийн тусгай үүргийн төлөөлөгч 2019 онд Монголд ажиллахдаа, Монгол Улс хүний эрхийн хамгаалагч нарын хувьд аюулгүй улс хэмээн дүгнэсэн. Гэхдээ энэ хүмүүсийг гутаан доромжлох, дээрэлхэх, ялгаварлан гадуурхах, дарамтлах зэрэг саад бэрхшээл буйг цохон тэмдэглэжээ.
Европын холбоо нь хүний эрх, ардчилалтай холбоотой хэд хэдэн чухал чиглэлээр Монгол Улсыг дэмжиж иржээ.
Тодруулбал, улс төрийн санхүүжилтийн зохицуулалтын тогтолцоог
боловсронгуй болгох, эмэгтэйчүүд, залуучуудыг чадавхжуулах, иргэний нийгмийн
байгууллагуудын чадавхыг дэмжих, эмзэг бүлгийн эдийн засаг, нийгэм, соёлын
эрхийн асуудлыг шийдвэрлэхэд тусалсаар байгаа аж.