Мүн Жэ Ин ЕХ-ны удирдагчидтай цахимаар уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-06-18 15:15:53

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын сүүлээр цахим дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, Европын Холбооны /ЕХ/ удирдагчидтай шинэ коронавирусний халдвар болон Солонгосын хойгийн асуудлын талаар хэлэлцэхээр болжээ.


Мүн Жэ Ин Европын зөвлөлийн тэргүүн Шарль Мишель, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Лайен нартай зургадугаар сарын 30-нд уулзана гэж Хөх ордны хэвлэлийн төлөөлөгч Кан Мин Сёк өнөөдөр мэдээлсэн байна.


БНСУ-ын Ерөнхийлөгч энэ он гарсаар анх удаа хоёр талын дээд хэмжээний уулзалт хийх гэж буй нь энэ ажээ. “Талууд 2020 оны эхний хагаст Сөүл хотод уулзахаар төлөвлөж байсан боловч “COVID-19”-ийн тархалтын улмаас эхний ээлжинд цахимаар хуралдахаар шийдвэрлэсэн” гэж хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.


Удахгүй болох уулзалтаар талууд коронавирусний халдвартай тэмцэх арга хэмжээнүүд болон БНАСАУ-ын асуудал зэрэг тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ