Яаралтай тусламжийн төвд 2800 гаруй дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-06-17 22:35:13

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг тавдугаар сарын байдлаар 2800 гаруй алсын болон, ойрын дуудлагыг хүлээн авчээ.

Тус тасаг жилдээ 6000-7000 алсын болон ойрын дуудлага хүлээн авч иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг аж. Үүний 30-40 хувь нь яаралтай тусламж шаардсан дуудлага байдаг. Тиймээс иргэдэд стандартын дагуу чанартай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, эмч ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор жил бүр засвар шинэчлэлтийг хийдэг байна.

Тухайлбал сүүлийн хоёр жил ОНХС-гийн 190 сая төгрөгийн хөрөнгөөр яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийг нэг дор төвлөрүүлэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж бүрэн тохижуулжээ. Мөн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг нь нэмэлт тоног төхөөрөмжүүдээр хангагдсан байна. Ингэснээр яаралтай тусламж шаардсан өвчтөнд зүрхний бичлэг хийх, эход харах зэрэг үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдсэн. Өдөртөө утсаар дуудлага хүлээн авахаас гадна, аймгийн төвийн багуудаас 40-50 хүн өөрийн биеэр ирж үйлчилгээ авч байна. Эдгээр иргэдэд дараалал үүсгэхгүйгээр тухайн өдрийн тасгуудын жижүүр эмч нар нэмэлтээр үзэж оношилдог тухай аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ