Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах журмын төслийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-17 14:18:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны өмчийн тухай хууль хэрэгжихтэй холбогдуулж Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /ОӨИТ/-ийн ажиллах журмын төслийг боловсруулсан, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал солилцлоо.


Монгол Улсад иргэний бүтээл туурвих, бүртгэж баталгаажуулах, үр шимийг нь хүртэх эрхийг хамгаалах, тэдгээрийг ашиглахтай холбогдсон харилцааг Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулж байна. Эдгээр хуулийн хүрээнд дээрх патент, гэрчилгээ эзэмшигчийн өмчлөх эрхийг баталгаажуулах үйл ажиллагаанд мэдүүлэг гаргагчийг төлөөлөх ОӨИТ-ийн үйл ажиллагааг зохицуулдаг.


УИХ-аар баталсан Оюуны өмчийн тухай хуульд Оюуны өмчийн байгууллагын эрх зүйн статус болон чиг үүргийг нэгдсэн байдлаар тодорхойлжээ. Мөн тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дах заалтад ОӨИТ-өөр ажиллах этгээдийг шалгаруулах, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, мөн хуулийн 12.1.14 дэх заалтад ОӨИТ-ийн ажиллах журмыг батлах гэж оюуны өмчийн байгууллагын чиг үүргийг заасан нь тус төлөөлөгчийн ажиллах журмыг боловсруулах хууль зүйн үндэслэлийг тодорхойлж байгаа юм.



2020 оны 5 дугаар сарын байдлаар нийт 74 итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх олгосноос 7,4 орчим хувь нь хуулийн этгээдэд ОӨИТ-өөр ажиллах тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Үүний 64 хувь буюу 41 төлөөлөгч Монголын ОӨИТ-ийн холбооны гишүүнчлэлтэй юм байна.


Энэ журамд ОӨИТ-ийн ажлын төрөл, сонгон шалгаруулалтыг зарлах, бүртгэх, ОӨИТ-ийн холбооны чиг үүрэг, зохион байгуулалт, оюуны өмчийн байгууллагын эрх, үүрэг, түүнд тавигдах шаардлага хүлээх хариуцлагыг тодорхой болгосноор ОӨИТ-чид тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал нэмэгдэж, түүнд хяналт тавих боломж бүрдэх юм.

Холбоотой мэдээ