370 орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрт шилжүүлэх тогтоол батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж, 370 орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрт шилжүүлэх тогтоол батлав. Ингэснээр 370 өрх орон сууцтай болох боломж бүрдэж байна.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах халамжийн түрээсийн “Ахмадын хотхон”-ы 901, 902 дугаар байрны 300 орон сууц болон Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах энгийн түрээсийн 63-1, 63-2 дугаар байрны 70 орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрт шилжүүлж байна. Энэ талаар НОСК-ийн захирал Б.Сүхбаатар танилцуулсан юм.
Тэрээр, НОСК-аас иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд дээрх 3 байрыг түрээслээд өмчлөх хэлбэрт шилжүүлэх талаар судалсан. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьсан түрээсийн орон сууцуудыг түрээслээд өмчлөх хэлбэрт оруулснаар зорилтоm бүлгийн иргэдийг өөрийн өмчлөлийн, хямд өртөгтэй орон сууцаар хангах боломжтой гэж үзэж байна" гэв.
Түрээслэж буй орон сууцаа сард 280-410 мянган төгрөг төлж, 15 жилийн дараа өмчлөх боломжтой
Орон сууцуудыг 15 жил хүртэлх хугацаатайгаар түрээслээд өмчлөх зохицуулалтыг НОСК-иас хийжээ. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн орлогодоо нийцүүлэн төлөх хугацаагаа сонгох боломжтой аж. Тодруулбал, “Ахмадын хотхон”-ы байранд амьдарч буй иргэд түрээслээд өмчлөх хэлбэрт шилжсэнээр байрныхаа талбайгаас хамаараад 5 жилд сарын 410-710 мянган төгрөг төлөөд байраа өмчлөх боломжтой аж.
Эсвэл 10 жилд сар бүр 280-410 мянган төгрөг төлж, өмчлөх боломж бий ажээ. Харин Сонгинохайрхан дүүргийн XIX хорооны нутагт байрлах энгийн түрээсийн байрны оршин суугчид сард 632-996 мянган төгрөг төлөөд 5 жилийн дараа байраа өмчлөх боломжтой. Өрхийн орлогодоо нийцүүлэн хугацааг 10 жил болговол сард 365-576 мянган төгрөг төлж болно. Эсвэл иргэд төлбөрөө урьдчилан төлөх боломжтой гэдгийг НОСК-ийн захирал Б.Сүхбаатар хэллээ. Тэрбээр “Дээрх байрнуудыг төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан учраас төлбөрт хүү бодохгүй. Төвлөрч буй хөрөнгөөр эргүүлээд түрээсийн орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлнэ. Цаашид иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах ажлыг үе шаттай зохион байгуулна” гэсэн юм.
НИТХ-ын дарга Р.Дагва хэлэхдээ, "Түрээсийн орон сууцанд айлууд дамжин өнгөрөх зарчмаар амьдардаг учраас ашиглалт муудаж байгаа гэдэг. Тиймээс өмчлүүлэх нь нэг талдаа байрны ашиглалтыг сайжруулах, мөн иргэдийн хүсэлтийн дагуу өмчлүүлж байгаа нь зөв ажил юм. Түрээсийн байрыг өмчлүүлснээр цаашид энэ мэт байрны эрэлт нэмэгдэнэ. Тиймээс энэ ажлаа зохион байгуулж явуулахдаа дээрх бүхнийг анхаарч ажиллах хэрэгтэй” гэсэн юм.
Гэрэл зургийг Т.Чимгээ