Турк курдүүдийн эсрэг шинэ ажиллагаа эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-06-15 09:33:21

АНКАРА. /TASS/. Туркийн Агаарын цэргийн хүчин “Бүргэдийн савар” хэмээх терроризмтой тэмцэх шинэ ажиллагааны хүрээнд Иракийн хойд нутаг дах Курдистаны Ажилчны Намын /КАН/ байгууламжуудад цохилт өгч эхэллээ гэж тус улсын Батлан хамгаалах яам твиттер хуудсандаа мэдээлжээ. 


““Бүргэдийн савар” ажиллагаа эхэлсэн. Туркийн цэргийн нисэх онгоцууд КАН-ыг дэмжигчдийн нуугдаж байгаа баазуудад цохилт өгч байна” гэж тус яам мэдээлсэн байна.  


Үүний зэрэгцээ телевизийн “Al Arabiya” сувгаар мэдээлж буйгаар, Туркийн АЦХ Иракийн баруун хойд нутгийн Синжар уулан дахь КАН-ын объектууд дээр нийтдээ 20 орчим бөмбөг хаяжээ. 


2015 оны долдугаар сард Турк улсад КАН-тай зэвсэгт мөргөлдөөн дахин эхэлснээс хойш мянга орчим цэрэг, цагдаагийн ажилтан, түүнчлэн 500 орчим энгийн иргэн курд босогчдын дайралтын улмаас амиа алджээ. Энэ хугацаанд Туркийн аюулгүй байдлын хүчин КАН-ын 10 мянга гаруй гишүүнийг устгасан гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна. 


Иракийн хойд нутагт КАН-ын баазууд байрладаг бөгөөд Туркийн ЗХ-ний эсрэг агаарын болон хуурай замын ажиллагаа явуулдаг аж. Туркийн эрх баригчид КАН-ыг  террорист байгууллагад тооцдог байна.


Холбоотой мэдээ